Сурагчийн хөгжлийг дэмжих танхимыг 6 аймагт байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-19 15:45:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дунд сургуулийн сурагчдад байгаль хамгаалал, экологийн чиглэлээр боловсрол олгож буй "Монгол Экологи төв" ТББ санаачлан, Европын холбооны санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн лаборатори 12 дугаар сургууль болон Налайх дүүргийн лаборатори 119 дугаар сургуульд “Сурагчийн хөгжлийг дэмжих танхим”-ыг байгуулаад байна.


Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагааны талаар “Монгол экологи төв“-ийн Ерөнхий менежер Г.Чимгээгээс тодруулбал,  “Сурагчийн хөгжлийг дэмжих танхим нь өсвөр насныханд экологийн боловсрол олгох зорилгоор, ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдад зориулан, сүүлийн үеийн технологи, компьютер, өндөр хурдны интернэт орчныг бүрдүүлж, хүүхдэд ээлтэй тавилга зэргээр тохижуулсан"-ыг онцоллоо. Ийм танхимд ерөнхий боловсролын хичээл орохгүй. Зөвхөн сурагчид өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрөөх сурч боловсрох бүхий л нөхцөлийг хангасан танхим юм гэдгийг тэрээр тодотгож байв. 


Ийм танхим нь сурагчдын улирлын, зуны амралтын үеэр бүх хүүхдэд нээлттэй байж, хичээлээс гадуур байгаль орчноо хамгаалах, экологийн боловсролын сургалт, лекц энэ танхимд явагдана хэмээн тайлбарлалаа. “Сурагчийн хөгжлийг дэмжих танхим”-ыг байгуулах хөтөлбөр хот, хөдөөгийн 6 сургуульд хэрэгжиж байна. Үүнд:

  • Нийслэлийн СХД-ийн лаборатори 12-р сургууль,
  • Налайх дүүргийн лаборатори 119-р сургууль,
  • Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 5-р сургууль,
  • Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын сургууль,
  • Ховд аймгийн Манхан сумын сургуульд тус тус байгуулжээ. 


Дунд сургуулийн сурагчдад байгаль хамгаалал, экологийн чиглэлээр боловсрол олгохоос гадна орон нутгийн байгаль хамгаалагч нарыг техник хэрэгслээр ханган туслаж, тэднийг дэмжих “Rall for rangers” зэрэг олон тустай хөтөлбөр хэрэгжүүлж буй "Монгол экологи төв" ТББ ийнхүү ерөнхий боловсролын алслагдсан сургуулиудын хүүхдүүд хичээлээс гадуур хэрэгтэй мэдээллээ, тав тухтай авах нөхцөл боломжийг бүрдүүлж, аймаг, орон нутаг, нийслэлийн сургуулиудыг тохижуулж байна. 


Энэ талаар Өмнөговь аймгийн төвийн 5 дугаар сургуулийн захирал Г.Шүрцэцэг хэлэхдээ, "Хүүхдүүд маань шинэ, тохилог кабинетыг баяртай хүлээн авч байна. Хамгийн гол нь манай хүүхдүүдийг байгаль орчиндоо ээлтэй, эх дэлхийгээ хайрлаж хамгаалах боловсрол, дадал сурахад дэмжиж буйд багш хүний хувьд бид ялгаагүй талараж байна" гэв. Давхар сурагчид англи хэлний сургалтад хамрагдаж, улмаар Европ болон АНУ-ын хүүхдүүдтэй харилцаж, өндөр хөгжилтэй орнуудын байгаль орчноо хамгаалж хайрлаж буй туршлага, чиг хандлагаас суралцах гэж байна. Ийм боломжийг олгож, нөхцөлийг бүрдүүлж буй "Монгол экологи төв" ТББ-ын хамт олонд баярлаж буйгаа хүүхдүүдийнхээ өмнө илэрхийлсэн юм. 


“Сурагчийн хөгжлийг дэмжих танхим" хөтөлбөр нь хүүхдүүдэд экологийн боловсрол олгохоос гадна нийтийн манлайлалд сургах, хамгийн наад зах нь өөрсдийгөө илэрхийлэх, аймаг, сум, орон нутгийнхаа талаар төсөл бичихэд сургаж, бичсэн төслүүдийг шалгаруулж урамшуулах зэрэг дэд хөтөлбөрийг мөн давхар хэрэгжүүлж байна. 





"Монгол экологи төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Ё.Бадрал хэлэхдээ, "Бидний тохижуулж хүлээлгэн өгч буй танхимаар дамжуулан хүүхдүүд гадаад хэлний хөтөлбөрөөр суралцахаас гадна ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, мөн төлөвшилд суралцаж хамрагдах зэрэг олон давуу талтай" хэмээн сургалтын танхимынхаа талаар тодотгов. 

“Сурагчийн хөгжлийг дэмжих танхим" хөтөлбөр нь хүүхдүүдийг манлайлалд сургах, хамгийн наад зах нь өөрсдийгөө илэрхийлэх, аймаг, сум, орон нутгийнхаа талаар төсөл бичихэд сургаж, бичсэн төслүүдийг шалгаруулж урамшуулах зэрэг дэд хөтөлбөрийг мөн давхар хэрэгжүүлж байна. 




Холбоотой мэдээ