Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйлчилгээг цахимжууллаа

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-10-19 16:19:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын шинэчлэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хөгжих боломжийг ижил, тэгш хангах талаар тусгасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цахим яам болохоор зорилт тавин ажиллаж байгаа. Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон Сэргээн засах төвийн үйлчилгээг цахимжууллаа.


Цахим системийг нэвтрүүлснээр эмнэлгүүд мэдээллээ түргэн шуурхай солилцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусламж үйлчилгээ авах, дараалал, дугаар захиалах, чаат, дуу, дүрстэй шууд холбогдох, эмч эрүүл мэндийг хянах, цахимаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг олон давуу талтай. Мөн үйлчлүүлэгчийн карт, эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг улсын хэмжээний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэж байгаа юм.


Тус төв хэвтэн эмчлүүлэх 250 ортой, өдөрт нийт 500 хүүхдийг хүлээн авч сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх хүчин чадалтай аж. Мөн орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөр хангасан цогц үйлчилгээтэй гэдгийг албаныхан дурдлаа.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-тэй хамтран ХБХСЗХТ, СЗСҮТ-ийн эмнэлгийн үйлчилгээг цахимжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээг хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.


Цахим эмнэлгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ХБХХЕГ-ын дарга Э.Тамир, ХБХСЗХТ-ийн дарга Р.Галбадрах болон бусад албаны хүмүүс оролцлоо.


Холбоотой мэдээ