Г.Жигжидсүрэн: Кино урлагийн салбар мэргэжилтнүүдээр цангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-10-20 09:54:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар” Олон Улсын кино наадам зохиолч Г.Аюурзаны “Хэвтрийн хүн” бэсрэг романаас сэдэвлэсэн киногоор 10 дугаар сарын 19-нд Тэнгис кино театрт нээлтээ хийлээ.


Уг кинонд 26 настай залуу зохиолч, түүний гэр бүлийнхэн болон сүйт бүсгүй Цолмонтой холбоотой таван бэсрэг хайрын түүхийг он цаг дамнасан хувь тавилангийн хоржоонт ээдрээтэй үйл явдлаар дамжуулан хүүрнэх боловч угтаа бидний оршихуйн болон дотоод ертөнцийн мөн чанарын тухай өгүүлэх аж.  


Киноны зохиолч, найруулагч, эвлүүлэгчээр "Гуру" медиа компанийн үүсгэн байгуулагч, найруулагч С.Бямба ажиллажээ. Мөн ерөнхий продюссероор Ц.Ариунаа, хамтрагч продюссероор Б.Наранбат, ерөнхий зураачаар Д.Ариунсайхан, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх, ерөнхий зураглаачаар Б.Түвшинтөгс нар тус тус ажиллажээ.


Харин киноны дуу бичлэгийг Б.Юкер, дууны найруулагчаар Карл Гердхадт нар ажиллсан байна. Дүрүүдэд Г.Баттулга, Т.Ариунчимэг, Ш.Доржсүрэн, Д.Оюунзул, Р.Баттогтох, Б.Оюун-Эрдэнэ, М.Тогтохжаргал, Б.Билгүүн, Б.Должинсүрэн, Г.Тэнүүн-Эрдэнэ, Х.Хулан нар тоглосон байна.


Энэ өдөр кино наадмын зохион байгуулагч, хамтран ажилласан байгууллагын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж “Улаанбаатар” Олон улсын кино наадмын ач холбогдол болон “Хэвтрийн хүн” киноны тухай мэдээлэл өглөө. Мөн хамтран ажилласан байгууллага, уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ талархал илэрхийллээ.  


Хэвлэлийн бага хурлын үеэр “Улаанбаатар” Олон улсын кино наадмын  уран сайхны удирдагчаар ажиллаж буй Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Намрын сүүл сарын шинийн гурван Балжинням, Дашням давхцсан өдөр “Хэвтрийн хүн” кино нээлтээ хийж байна. Киног бүтээнэ гэдэг их адармаатай ажил. Энэхүү киног бүтээхэд хамтран ажилласан бүх хүмүүст талархснаа илэрхийлэхийн ялдамд тусгайлан найруулагч С.Бямба, ерөнхий продюссер Ц.Ариунаа нарт баяр хүргэе.  Г.Аюурзаны “Хэвтрийн хүн” бэсрэг роман олны хүртээл болсон даруйдаа шуугиан дэгдээж байсан. Би хувьдаа найруулагч С.Бямба тус романаас киноныхоо санааг аваад их аятайхан кино зохиол бичиж гэж үзэж байна. Харин Ц.Ариунаа продюссерын ажлыг маш сайн гүйцэтгэсэн харагдана лээ. Ганц энэ кинонд бус өөр олон кинонд ур чадвараа харуулж байгаа уран бүтээлчид юм. Цаашид сайн уран бүтээл олныг хийгээрэй гэж хүсье. Ер нь сүүлийн үед Монголын кино урлагийн салбар мэргэжлийн хүмүүсээр цангаж байна” хэмээлээ.


Энэ удаагийн кино наадмын онцлогоос дурдвал наадам зургаан хэсгээс бүрдэх бөгөөд “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр кино наадмын хөтөлбөрийг шинэчилж байгаа аж. Энэ хэсгийг 1980 онд бүтээсэн “Говийн зэрэглээ” МУСК-гоор нээх агаад HD форматад хувирган анх удаа олон улсын кино наадмын дэлгэцнээ толилуулах гэж байна. Мөн ЕБС-ийн сурагчдад зориулж Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдын бүтээлээс хүргэх юм байна.


Энэ үеэр “Хэвтрийн хүн” киноны ерөнхий продюссер Ц.Ариунаа хэлэхдээ “Аюурзана зохиолчийн “Хэвтрийн хүн” зохиол 2002 онд гараад С.Бямба найруулагч 2002 онд эхнийхээ зохиолын эхийг биччихсэн байсан. Тэгэхээр бид нар 18 настай “Хэвтрийн хүн”-тэй уулзаж байна. Одоогоос яг хоёр жилийн өмнө энэ өдөр киноныхоо гадаад зургаа дуусгаж, дотоод зураг авалт руу шилжиж байсан юм. Ийнхүү хоёр жилийн дараа билэгт сайн өдөр киногоо нээж буйдаа сэтгэл минь дүүрэн байна” хэмээв. 




Улаанбаатар олон улсын кино наадмын олон жилийн хамтрагчаар Улаанбаатар хотын захирагчийн алба ажиллаж байгааг  кино наадмын зохион байгуулагчид хэлж байв. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ хүрэлцэн иржээ. 


Тэрбээр хэлэхдээ “Энэ жилийн кино наадам нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 381 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна. НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар болон МУЗ 2008 онд энэхүү наадмыг бий болгох анхны санаачилгыг гаргаж байсан түүхтэй. Наадмын цар хүрээ улам илүү тэлж, Монголын уран бүтээлчид дэлхийн уралдаан тэмцээнд өрсөлдөж, оролцох боломжоор хангагдах болтугай гэж хүсэж байна. Наадмын хүрээнд хоёр сарын турш залуу кино найруулагч болон уран бүтээлчдээ чадавхжуулах сургалт зохион байгуулж амжлаа” гэсэн юм.




Энэ жилийн кино наадмын онцлох орноор Франц улс сонгогдсон байна. Учир нь Энэ жил Монгол Улс, Франц улс хоорондын дипломат харилцаа тогтоосоны 55 жилийн ой тохиож байгаа юм. Түүнчлэн Франц улсаас кино урлаг эхлэлтэй гэдгийг Монгол-Францын төвийн захирал Сэлин Мартин хэлсэн юм. Мөн тус улсаас гурван бүрэн хэмжээний кино “Улаанбаатар” кино наадамд зориулан ирснээс нэг нь хүүхдэд зориулсан уран сайхны кино байгаа аж. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ “Манай  орон хүний эрх, эрх чөлөөг хэрхэн дээдэлдэгийг маргааш “85 оны зун” хэмээх киноноос үзэх боломжтой. Францын ард түмэн үг хэлэх эрх чөлөөний үнэ цэнийг дээдэлж, хүндэтгэдэг. Киногоор дамжуулж, манай орны үнэт зүйлийг Монголын ард түмэнд үзүүлэх боломж бүрдэж буйд талархаж байна” гэв.


Мөн хэвлэлийн бага хуралд Монгол Улсад суугаа Швейцарын Хамтын Ажиллагааны дарга Др.Стефани Бурри хүрэлцэн ирсэн байлаа. Тэрээр хэлэхдээ “Соёл урлагийн салбар Швейцар улсад хамгийн чухал байдаг. Тиймээс төсвийнхөө нэг хувийг соёл урлагт зарцуулдаг. Швейцарын хөгжлийн агентлагийн Соёл урлагийн төслийн гол зорилго бол Монголын соёлын хөгжилд хувь нэмрээ оруулах, мөн соёл урлагийн өвөрмөц онцлогийг бэхжүүлсэн нийгмийн хөгжил, дэвшлийг уран бүтээлээрээ дархлах зорилготой. Би Монголд ирээд удаагүй байна. Ирснээсээ хойш гурван зүйлийг анзаарлаа. Нэгд, танай улс соёл урлагаар баялаг, хоёрт олон залуу уран бүтээлчидтэй, цаашид кино урлагийн салбараа дэлхийд таниулах өндөр боломж байна” гэсэн юм.


Зохион байгуулагчдаас Швейцарын хөгжлийн агентлаг МУЗ-ийн үйл ажиллагааг болоод кино наадмыг уран сайхан болон санхүүгээр тогтвортой дэмжиж ирсэнд талархлаа илэрхийлж,  тус улсын “Локарно” кино наадам болон “Улаанбаатар” кино наадмын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг хүслээ.

Холбоотой мэдээ