Дэлхийн статистикийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-10-20 12:52:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Статистикийн комиссын 41 дүгээр чуулганаар анх дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.


Улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 оны 69/282 тоот тогтоолоор Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд 10 дугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Эл өдрийг 2010 оны аравдугаар сарын 20-нд "Чанартай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар ба нэгдмэл байдал", 2015 оны аравдугаар сарын 20-нд Сайн мэдээлэл, бодлого, шийдвэр, сайхан амьдрал" уриан дор тэмдэглэж байв.

Энэ жил НҮБ-ын Статистикийн комиссын ивээл дор "Найдвартай тоо мэдээллээр эх дэлхийгээ холбоё/нэгтгэе” уриан дор тэмдэглэж байна.

Түүнчлэн энэхүү өдрийг дэлхийн хэмжээнд үндэсний статистикийн газар, бүс нутгийн болон олон улсын статистикийн байгууллагууд, түүний дотор НҮБ-ын системийн байгууллагууд, их дээд сургуулиуд хамтран тэмдэглэж байгаа юм.

Дэлхийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Улс орнуудын статистикийн байгууллагын чадавх”-ын үнэлгээгээр 2019 онд Монгол Улсын үндэсний статистикийн чадавхын ерөнхий дундаж оноо 91.1 болж Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дунджаас 16 нэгжээр дээгүүр байна. Тодруулбал, статистикийн аргачлалаар 90 болж 22.5 нэгжээр, мэдээллийн эх үүсвэрээр 100 болж 28.3 нэгжээр тус тус дээгүүр үнэлэгдэв.

Мөн дэлхийн улс орнуудын албан ёсны статистик мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд үнэлгээ хийдэг “Open data watch” ашгийн бус байгууллагын 178 орны статистикийн байгууллага үнэлгээнд хамрагдсан 2018 оны үнэлгээгээр /Монгол Улс нийт 100 онооноос 75.6 оноог авч, Зүүн Өмнөд Азийн бүсийн хэмжээнд 1 дүгээр байрт, Дэлхийн хэмжээнд 11 дүгээр байрыг эзэлжээ.

Үндэсний статистикийн хороо олон улсын болон бүс нутгийн статистикийн дээд хэмжээний 5 бүлэг, техникийн зөвлөх 11 багт гишүүнээр амжилттай ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны 8-р сард зохион байгуулсан НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн Засгийн Нийгэмлэг (АНДЭЗНК)-ын Статистикийн хорооны 7 дугаар хурлын үеэр Ази, Номхон далайн орнуудын статистикийн системийг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн хорооны товчооны 2020-2022 оны гишүүнээр сонгогджээ.

 

Холбоотой мэдээ