Ц.Дамдин агсны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг нээв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-20 16:13:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Москва-1980” зуны олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн хошой аварга, Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин багшийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, хөшөөний нээлт намрын адаг сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд боллоо.


Хөшөөг нээх ёслолд УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Насантогтох, 1977-1985 онд шигшээ багт хамт байсан тамирчид, нэг ангийн төгсөгчид, нутгийн зон олон болон дотны хамт олон, төрөл төрөгсөд нь оролцов.



Ц.Дамдин агсны гэр бүлд гурван сарын өмнө сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас цэцэрлэгт хүрээлэнгийн газар олгосныг мэдэгдсэн бөгөөд энэ өдрөөс  хүрээлэнг байгуулах ажил өрнөж, 45 хоногоос өмнө хөшөөг бүтээх ажил эхэлжээ.


Тус ажлыг санаачилсан Баян-Адарга сумын засаг дарга О.Дашдаваа, МҮОХ-ны “Олимпын алдар” одон, Улсын харцага Ц.Бэгзсүрэнг МҮОХ-ны “Алтан медаль”-иар шагнав.


Ц.Дамдин нь Хэнтий аймгаас төрөн гарсан цорын ганц болон Монгол Улсын анхны жүдо бөхийн олимпын мөнгөн медальт тамирчин юм. Хөшөөний нээх үеэр багшийн анд нөхөд, гэр бүл, багш, шавь нарын төлөөлөл сэтгэлийн үгээ хуваалцсан байна.



Мөн цэцэрлэгт хүрээлэнг нээх үеэр Баян-Адарга сумын дунд сургуулийг Ц.Дамдины нэрэмжит болгох гэж байгаа талаар УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэд уламжлав.

Холбоотой мэдээ