Нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-20 17:01:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 10 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн авто замд нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг “Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг”-т хамруулж байна.

Уг үйл ажиллагааг ЭМЯ, “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК болон бусад дэмжигч байгууллагатай хамтран зохион байгуулав. Үзлэг, оношилгоонд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ, СЭМҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Ханбогд, Цогтцэций сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж байна. Мөн Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй жолооч, тухайн суурьшлын бүс дэх иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийн талаар мэдээлэл, сурталчилгаа хийх, зонхилох өвчлөлийн талаар нэгдсэн тайлан мэдээлэл гаргах юм.

“Төрөлжсөн мэргэшлийн эмчийн тусламж, үйлчилгээ”-г Цагаан хад дахь Монпорт кэмпийн байранд 10-р сарын 19-24-нд үзүүлнэ.

Холбоотой мэдээ