Долоо хоногт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-21 13:33:01

ЖЕНЕВ. /TASS/. Өнгөрсөн долоо хоногт коронавирусээр халдварласан хүний тоо 2.4 саяар нэмэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойш долоо хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Халдварын улмаас нас барсан хүний тоо 36 мянгаар нэмэгдсэн байна. Энэ тухай ДЭМБ мягмар гарагт мэдээлэв.


“Коронавирусээр халдварласан хүний тоо хурдацтай нэмэгдсээр байгаа бол халдварын улмаас нас барсан хүний тоо харьцангуй тогтвортой байна. Аравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 40 сая гаруйд хүрээд байсан бол сүүлийн долоо хоногт энэ тоо 2.4 сая гаруйгаар нэмэгджээ” хэмээн ДЭМБ мэдэгджээ.


Нөхцөл байдал Хойд болон Өмнөд Америкт хамгийн хүнд байна. Тус бүс нутагт халдвар авсан хүний тоо 18.8 сая давжээ. Долоо хоногийн дотор 16 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан байна.


Түүнчлэн Энэтхэгт халдвар авсан хүний тоо долоо хоногийн дотор 440 мянгаар, АНУ-д 383 мянгаар, Бразилд 144 мянгаар тус бүр нэмэгджээ. Харин Европоос өнгөрсөн долоо хоногт Их Британид халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ