Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-21 14:32:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байсан. Гэвч цаг үеийн нөхцөл байдлын улмаас Төв банкны инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахалж байгаа бөгөөд гишүүдэд Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Жавхлан, М.Оюунчимэг, С.Чинзориг, О.Цогтгэрэл нар ажиллаж байгаа юм.


Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “ОУВС манай улсын ДНБ-ий өсөлт 2021 онд 6 хувь байхаар тооцсон. Харин Монголбанк 8.7 хувь, Засгийн газар 7.2 хувиар тооцсон байна” хэмээв. Мөн тэрбээр Монгол Улсын урсгал дансны алдагдал эхний хагас жилд 890 сая ам.доллар хүрсэн байгааг  дурдаад 2020 оны төгсгөлд хэд хүрэх талаар тодрууллаа.


Монгол Улсын урсгал дансны алдагдал 2015 онд 948 сая ам.доллар, 2016 онд 700 сая ам.доллар, 2017 онд 1 тэрбум 150 сая ам.доллар, 2018 онд 2.2 тэрбум ам.доллар, 2019 онд 2.1 тэрбум ам.доллар байжээ. Энэ оны төгсгөлд 1.4 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 11 хувь болж буурах тооцоолол байгааг ажлын багаас хариулав.


Ийнхүү байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Тогтоолын төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ