"Хилийн өнгө" гэрэл зургийн үзэсгэлэнг нээв

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-10-21 15:09:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хилчдийн хэвлэл Цэргийн Гавьяаны одонт "Эх орны манаа" сонины 80 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн хүрээнд Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газраас "Хилийн өнгө" гэрэл зургийн үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр нээлээ.


Тус үзэсгэлэнд орчин цагийн Хил хамгаалах байгууллагын хөгжил, хилчдийн албаны онцлогийг харуулсан ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны гэрэл зурагчин, ахлах дэслэгч Л.Номингэрэлийн нийт 60 гэрэл зургийг толилуулж байна.


Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, ОШУСТ-ийн захирал Базархандаев Амгалан, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар, МГЗНХ-ны УЗ-ийн дарга П.Баттулга нар оролцов.


Ташрамд дурдахад, анх 1940 оны 10-р сарын 3-ны өдөр "Эх орны төлөө" нэртэйгээр хэвлэгдэн гарч улмаар 1945 оны 8 дугаар сараас "Эх орны манаа" нэртэй болон хилчдийн сонин Монголын ууган хэвлэлийн нэг юм. Түүхт 80 жилийн ойд гэрэл зургийн үзэсгэлэнгээ зориулан гаргаж буй гэрэл зурагчин Л.Номингэрэл 2015 онд "Бүсгүй мэлмий" хамтарсан үзэсгэлэн, "Би хилчин" бие даасан үзэсгэлэн, 2016 онд Япон улсад хамтарсан үзэсгэлэн дэглэн гаргаж байв.


Холбоотой мэдээ