Гар аргаар цөцгий гарган авч өрхийн хэрэгцээгээ хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-10-21 17:28:31

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 8-р багийн малчин Бадарчийн Ариунаа гар аргаар гэртээ сүүгээ боловсруулан цөцгий гарган авч байна.

Тэрбээр хадам ааваасаа захиргаадалтын үед ашиглаж байсан гар ажиллагаатай хөнгөн цагаан цөцгийн машиныг өвлөн авчээ. Ариунаа энэхүү машинаа ашиглан үхрийн сүүг машиндаж цөцгий гаргаж авсаар өдгөө 20-иод жил болж байгаа аж. Тэрбээр цөцгийгөө зах зээлд худалдан борлуулдаггүй, харин гэр бүлийн хэрэгцээндээ ашигладаг байна.

"Намрын сүү өтгөн байдаг тул машиндахаар цөцгий их тогтдог. Би цөцгийгөө цохиод масло гаргаж авдаг. Арван литр сүүнээс 1 литр цөцгий гардаг. Машиндсан сүүгээрээ айраг исгэж, ааруул хийдэг” хэмээн Б.Ариунаа хэллээ.

Буянт малынхаа үр шимийг хүртэж яваа эгэл жирийн малчин бүсгүй Ариунаагийн адил сүү, цагаан идээ боловсруулдаг бүсгүйчүүд Улаангом сумын 8-р багт олноор аж төрж байна. Харин тэдэнд сүү, цагаан идээгээ үйлдвэрийн аргаар боловсруулах, зах зээлд ихээр нийлүүлэх нөхцөл боломж нэн тэргүүнд шаардагдаж байна.

 


Холбоотой мэдээ