800 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-21 20:24:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажлыг олон нийтэд сурталчлах, иргэд олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” 10 дугаар сарын 20-нд Алтай хотноо боллоо.


“Нээлттэй хаалганы өдөр”-т 44 төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд оролцож 800 гаруй иргэнд 2020 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, төрийн зарим үйлчилгээг үзүүллээ.

Тухайлбал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас хурлын тогтоол, шийдвэр, нийтээр хэм хэмжээ тогтоосон журам, Монгол Улсын Төрийн дээд шагналд өргөн мэдүүлсэн материал, Алдарт эхийн одонгийн материал болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын мэдээлэл, бүрдүүлэх материалын талаарх мэдээлэл, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар иргэдэд танилцуулжээ. Түүнчлэн ажлын албанаас 2020-2024 оны ИТХ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгах санал, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах санал, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгах санал хүсэлтийг иргэдээс авсан байна.

Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар салбарын холбогдох хууль дүрмийг олон нийтэд танилцуулан, хүүхдийн аюулгүй орчинг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөмж хүргэн “Залуусын сар” аяны хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахын зэрэгцээ ГБХЗГ-ын дэргэдэх хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дугуйлангуудын бүртгэл мэдээллийг хийсэн юм.

Мөн үеэр “Азтай үйлчлүүлэгч” шалгаруулж, Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Биеийн тамир спортын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, “Ундарга Алтай” ОНӨААТҮГ-ын гарын бэлэг болон үйлчилгээний “Эрхийн бичиг”-ийг гардуулав.


Холбоотой мэдээ