Дархан-Уул аймгийн МАН-ын хорооноос Б.Азжаргалыг Засаг даргад дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-22 14:39:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Найм дахь удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд МАН Дархан-Уул аймагт ялалт байгуулсан. Ингэснээр ирэх дөрвөн жилд тус нам төр барихаар болсон. Энэ сарын 21 буюу лхагва гарагт аймгийн Монгол Ардын Намын хорооны хурлын VIII хуралдаан 75 хувийн ирцтэйгээр эхэлж засаг дарга, ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх санал хураалт боллоо.

Тус хуралдаанаар аймгийн Засаг даргад Болдбаатарын Азжаргал нэр дэвшиж, намын хорооны гишүүдийн нууц санал хураалтаар 100 хувь дэмжигдэж Намын Удирдах Зөвлөлд нэрийг нь уламжлахаар боллоо.

Мөн тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргад Сундуйжавын Насанбат нэр дэвшиж, намын хорооны гишүүдийн нууц санал хураалтаар 100 хувийн санал авч, Намын Удирдах Зөвлөлд нэрийг нь уламжиллаа.

Б.Азжаргалын тухайд 2008-2012 онд Дархан сумын Засаг даргын орлогч, 2012 оноос Дархан сумын Засаг даргаар ажиллаж байна.

С.Насанбатын тухайд 2012 оноос Аймгийн засаг даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын хамгийн том сум болох Дархан сумын Засаг даргад сумын ИТХ-ын даргаар 2012-2016 онд ажиллаж байсан, одоо аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Тулгын нэр яригдаж байна.

Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлон зарласанХуралдаанаар аймгийн “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн дүнгийн тухай болон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай”, “Аймгийн ИТХ-ын дарга сонгож, батлах”, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож, батлах”, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай асуудлуудыг тус тус хэлэлцэх аж.

 

Холбоотой мэдээ