Польшийн Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-25 12:03:12

ВАРШАВ. /BBC/. Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда “COVID-19”-өөр халдварласан боловч биеийн байдал нь сайн байгаа гэдгээ мэдэгдлээ.


Өдгөө 48 настай А.Дудагийн баасан гарагт өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд тэрбээр хэзээ халдвар авсан нь тодорхойгүй байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй “COVID-19”-ийн халдвар авсан дэлхийн удирдагчдын жагсаалтад А.Дуда ийнхүү нэмэгджээ.


Польшт сүүлийн үед халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх болсон бөгөөд баасан гарагт халдварын 13600 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Польшийн Ерөнхийлөгч даваа гарагт Эстонийн нийслэл Таллин хотод болсон үйл ажиллагаанд оролцож, Болгарын Ерөнхийлөгч Румен Радевтэй уулзсан бөгөөд тэрбээр сүүлд өөрийгөө тусгаарлажээ. Мөн А.Дуда Эстонийн Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзсан бөгөөд түүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.


“Миний биед халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй боловч шинжилгээний дүн бүх зүйлийг тодорхой болголоо. Одоогоор биеийн байдал маань сайн байна. Ирэх өдрүүдэд өөрийгөө тусгаарлан ажил үүргээ алсаас гүйцэтгэнэ” гэж А.Дуда “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр мэдэгджээ. 

Холбоотой мэдээ