Хүүхдийн зохиолчид шинэ бүтээлээ танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-10-26 17:25:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Шидэт номын найзууд" уран үгсийн чуулган 8 дахь жилдээ энэ сарын 23-нд болов. Тухайн жил гарсан хүүхдийн дуу, богино өгүүллэг, шүлгийн шилдэг бүтээлийг танилцуулдаг, хүүхдийн уран бүтээлчдийн чуулган өдөрлөгийг Хүүхдийн төв номын сан, хүүхдийн зохиолчдын "Эвт үзэг" төв хамтран зохион байгууллаа. 

Хүүхдэд уран бүтээлээ зориулдаг хүүхдийн зохиолч, хөгжмийн зохиолч, номын зураач, номын санч, уран бүтээлчид нэгдэж, өөрсдийн шилдэг бүтээлээ танилцуулан, хүүхэд багачуудтайгаа уулзаж, хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүллээ. 

Чуулганы нээлтэд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Соёлын яамны соён гэгээрүүлэх газрын ахлах шинжээч Б.Баяраа нар оролцож, хүүхдийн ахмад зохиолч, өдгөө 90 насыг зооглож буй Ю.Санжаагончигт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг гардуулав. Энэ үеэр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат Хүүхдийн төв номын сангийн барилгыг тусгайлан барих талаар дуулгалаа. 


"Шидэт номын найзууд" уран үгсийн чуулганд Хан-Уул дүүргийн "Жаргалын жим" цэцэрлэг, Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэг, Багануур дүүргийн "Оюуны эрин" цогцолбор сургууль, мөн 14 дүгээр сургууль, "Шинэ өнөөдөр" сургуулийн сурагч, багачуул оролцож хүүхдүүдийн дуу хуур, баяр хөөрөөр цалгиж байв. Тэдэнд хүүхдийн хөгжмийн зохиолч С.Батболд, хүүхдийн зохиолч О.Сундуй, Т.Энхтуяа, С.Бат-Эрдэнэ нар уран бүтээлээ танилцуулав. Тухайлбал, өдөрлөгөөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвлөх, хүүхдийн элч, хөгжмийн зохиолч С.Батболд хүүхдийн дууны үүсэл, хөгжил, уламжлал, шинэчлэлийн талаар яриа өрнүүлж багачуултай өөрийн зохиосон дуунуудаа тоглож дуулав. 



Холбоотой мэдээ