Алтанбулаг боомтоор ачаа тээвэр нэвтрүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-26 17:49:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа тээврийг Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.


Сүүлийн үед Алтанбулаг боомтоор орж ирж байгаа иргэд, тэр дундаа улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа тээврийн жолоочдоос коронавирусний халдвар илрэх болжээ. Өнөөдрийн байдлаар 28 ачаа тээврийн жолоочоос халдвар илэрсэн байна. Тиймээс уг боомтыг хамгийн эрсдэлтэй цэг гэж үзэн нутгийн гүнд халдвар тархах эрсдэлийг багасгах зорилгоор дээрх арга хэмжээ авахаар болжээ.



Дээрх асуудлыг Засгийн газрын 11 дүгээр сарын 3 буюу ирэх лхагва гарагийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Цаашид дээрх зохицуулалтыг 12 дугаар сарын 1 гэхэд шинэ горимд оруулахаар төлөвлөгөө гаргаж байгаа аж. Учир нь зарим аж ахуйн нэгжүүд худалдааны гэрээ хийчихсэн, тухайн орноос зарим ачаа замдаа гарсан байгааг  харгалзаж байгаа гэдгийг Шадар сайд  Я.Содбаатар мэдээллийн үеэр онцлов. Тэрээр, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хугацаа өгч байгаагийн зэрэгцээ тээвэрлэгч болон хүлээн авагч аль аль талынх нь ашиг сонирхлыг харгалзан дээрх шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг тодотголоо. 

Үүнээс гадна Цагааннуурын боомт зэрэг хэд хэдэн боомтод эрсдэл өндөр байна гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Тиймээс тодорхой хязгаарлалтын арга хэмжээг тухай бүрт нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэр гаргахаар болсон байна. 

Холбоотой мэдээ