Италид жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРОМ. /Corriere della Sera/.
Италийн Милан хотод коронавирусний цар тахал дэгдсэнтэй
холбогдуулан авсан хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж,
жагсаал цуглаанд оролцогчид болон цагдаа нар мөргөлдсөний улмаас хууль сахиулах
байгууллагын нэг ажилтан шархаджээ. Жагсагчдын эсрэг цагдаа нар нулимс
асгаруулагч хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд энэ үеэр хоёр хүнийг саатуулсан байна.
Турин хотод болсон эсэргүүцлийн үеэр эмх замбараагүй байдал,
эвдэн сүйтгэх ажиллагаа болж дэлгүүрүүдэд дээрэм тонуул хийх тохиолдлууд
гарчээ. Тус хотод цагдаагийн хоёр ажилтан шархдаж, 10 хүн баривчлагджээ. Хүчирхийлэл бүртгэгдсэн иймэрхүү жагсаал цуглаан мөн тус улсын хойд өмнөд бусад
хотод болсон байна.
Зоогийн газар, шөнийн цэнгээний газруудыг 18:00 цагаас
хойш хаах тухай засгийн газар шийдвэр гаргасан нь ийнхүү эсэргүүцэл болох
шалтгаан болжээ. Эрх баригчид цаашид дахин хязгаарлалтын арга хэмжээг нэвтрүүлэхийг
үгүйсгээгүй байна.
Италид сүүлийн долоо хоногуудад халдвар авсан хүний тоо хэд дахин нэмэгдэж, өдөрт дунджаар
20 мянган шинэ тохиолдол илэрч байна. Түүнчлэн эмнэлэгт хүргэгдсэн хүний
тооноос гадна эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хүний тоо аажмаар нэмэгдсээр байна.