18 мянга гаруй хүүхэд гарын ариун цэвэр сахих зөв дадалтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-30 17:41:05

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн хоёр жил дэлхийн гар угаах өдрийг угтаж нэг сарын турш гараа зөв угааж хэвших дадлыг хүүхдүүдэд зааж өгчээ. Ингэснээр 17500 орчим хүүхэд гараа зөв угааж сурах зөв дадал эзэмших зорилтот ажилд оролцсон тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Энэ онд 11 сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд, хүүхэд, иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэдлэг чадавхыг сайжруулах зорилгоор зорилтот ажлуудыг явуулжээ.

Мөн “Дэлхийн усны өдөр”-өөр олон нийт рүү чиглэсэн байгаль орчноо хайрлаж хамгаалах, аюулгүй усыг хүнсний зориулалтаар хэрэглэх, усны савыг зөв сонгох сэдлийг төрүүлэх сургалт сурталчилгааны аяныг хоёр удаа зохион байгууллаа. “Дэлхийн гар угаах” өдөр, “Дэлхийн жорлонгийн өдөр”-үүдээр олон нийтэд гараа бохирдсон тохиолдол бүрд угаах, бохир гараар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх. Нүхэн жорлонгийн стандарт, байгууллага бүр эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонтой байхыг уриалсан уралдаант аян, сургалт, сурталчилгаа, өдөрлөг зохион байгуулж, идэвхтэй оролцсон хүүхдүүдийг урамшууллаа. Эдгээр ажилд давхардсан тоогоор 18920 орчим хүүхэд, 6300 гаруй иргэн оролцож тэдгээрт 5600 ширхэг тараах материалыг тарааж өгсөн байна. Өнөөдрийн байдлаар 18 сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд стандарт хангасан орчинд суралцаж гарын ариун цэврээ бүрэн сахих, стандарт хангасан ариун цэврийн өрөөгөөр хангагдсан байна гэв. 


Сум бүр усны аюулгүй байдлын

төлөвлөгөөтэй болжээ

Завхан аймагт Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл 2019-2021 он хүртэл хэрэгжиж байна.

Тус төслөөс эрүүл ахуйн шаардлага хангасан, уур амьсгалын хүнд нөхцөлд тэсвэртэй ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавьж 2019 онд долоон сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдад болон нийтийн хэрэглээнд зориулан халуун усны байгууламж барьж ашиглалтад оруулсан.

Харин энэ онд найман сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны сурагчдын, сумын иргэдэд зориулсан ариун цэврийн байгууламж, халуун усны газар, уламжлалт гэрэлтүүлэгтэй бие засах газар, гүн өрмийн худаг зэргийг барьж байгуулснаар 12400 гаруй хүүхэд, иргэдийн эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдээд байгаа. Орон нутгийн ус, хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой бодлого, төлөвлөгөөг гаргаж орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, байгалийн аливаа гамшгийн үед ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг суурин газрын “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах ажлыг 23 суманд зохион байгуулаад байгаа. Энэхүү төлөвлөгөөг 23 сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч, хүнсний байцаагч, эрүүл мэндийн төвийн эрхлэгч, усны аюулгүй байдлын багийн мэргэжилтнүүд хамтран оролцож баталсан байна. Төслийн хүрээнд сургалтад хамрагдсан сум бүр усны аюулгүй байдлын төлөвлөгөөтэй болсон байна гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.

 

Холбоотой мэдээ