Хоногт 500 бог бойлох хүчин чадалтай махны үйлдвэр ашиглалтад орлоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-10-31 12:56:34

Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд хоногт 500 бог бойлох хүчин чадалтай махны үйлдвэр ашиглалтад орж 30-50 хүнийг ажлын байраар хангах нөхцөл бүрдлээ гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Тус үйлдвэрийг “Баян нью фүүд сентури” ХХК-тай гэрээ байгуулснаар барьж ашиглалтад оруулж байна. Үйлдвэр нь хоногт 500 бог, 150-200 бод бойлох хүчин чадалтай. Үйлдвэр ажилласнаар 30-50 хүнийг байнгын болон түр ажлын байраар хангана.  Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас тус аймагт хэрэгжүүлж байгаа Эдийн засгийн тусгай төслийн хүрээнд жимс жимсгэнийн хоёр бүлэг, оёдлын гурван бүлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олгосноор таван бүлгийн 30 гаруй иргэн ажлын байраар хангагдаад байна. Тухайлбал, жимсний бүлэгт чанагч тогоо, төрөл бүрийн хөргүүр, жимс хатаагч, оёдлын бүлгүүдэд шулуун оёдлын машин, уурын индүү, эсгүүрийн бусад хэрэгсэл зэргийг нийлүүллээ. Ингэснээр бүлгүүдийн ажлын бүтээмж нэмэгдэж, үйлдвэрлэлийн чанар сайжрах юм. Манай сум жил бүр сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтыг шаардлагатай иргэдэд зээл хэлбэрээр олгож, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр жилд шинээр 30-40 иргэн байнгын ажлын байртай болж байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийлгэх. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, зорилтот сургалтуудыг Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран явуулж байна. Мөн Үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, үйлдвэрлэлийг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлж байна гэж нэмж мэдээллээ.

 

Холбоотой мэдээ