Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх хувийг залуучууд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-03 13:51:56

Ховд /МОНЦАМЭ/. “Аймаг нийслэл, сум дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгууль”-ийн үр дүнгээр байгуулсан Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад З.Цоож нээж, удирдаж байгаа юм.

Тус хуралдааны эхэнд сумын ИТХ-ын сонгуулийн дүн, тайлан мэдээллийг албаныхан танилцуулсан бөгөөд шинээр томилогдож буй төлөөлөгчдөд "Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг"-ийг гардуулан өгч, эрхийг нь баталгаажууллаа.

Одоогийн байдлаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Жаргалант сумын ИТХ-ын хуралдааны дэг, Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм”-ийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ удаа шинээр сонгогдсон Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд анх удаа төлөөлөгчийн ёс зүйн дүрэмтэй болж байгаагаараа онцлогтой.

Жаргалант сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаанд оролцож буй шинээр сонгогдсон 31 төлөөлөгчийн 7 нь эмэгтэй төлөөлөгч.

Хамгийн ахмад нь 58 настай З.Цоож, хамгийн залуу нь 27 настай Х.Аманкельд юм.

Харин анх удаа сонгогдсон 22 төлөөлөгч байгаа. Мөн хамгийн олон буюу гурван удаа сонгогдсон хоёр төлөөлөгч байна.

Хуралдааны хүрээнд сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгон батлах, сумын Засаг даргыг нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх, хурлын хороод байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж.   

Холбоотой мэдээ