Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 300 шахам тамирчин оролцлоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-11-03 16:20:58
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавъяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж агсны нэрэмжит Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт гурван өдрийн турш үргэлжилж, энэ сарын нэгний өдөр дууслаа. Тэмцээнийг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын Чөлөөт бөхийн холбоо, Баянхонгор аймгийн Чөлөөт бөхийн холбоо, “Арж Капитал” ХХК, МУГТ Ц.Нацагдорж агсны гэр бүл үр хүүхдүүд хамтран зохион байгуулсан бөгөөд 20 жингийн төрөлд 23 багийн 285 тамирчин өрсөлдсөн.
Тэмцээний нээлтийн үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нутаг орныхоо нэрийг тив дэлхийд өндөрт өргөж яваа МУГТ О.Насанбурмаа, МУГТ Д.Нармандах нарт тус бүр таван сая, МУГТ Ц.Нацагдорж агсны гэргий Н.Насанбатад хоёр сая төгрөг бүхий дурсгалын зүйл гардуулжээ.
Залуучуудын УАШТ-ний Эрэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 190 оноогоор тэргүүлж, спортын мастер С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээ 149 оноогоор удаалж, Х.Чойжилжав дасгалжуулагчтай МУБИС 87 оноогоор гуравдугаар байрт орсон байна.
Эмэгтэйчүүдийн багийн төрөлд Гавьяат дасгалжуулагч С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 100, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 99, спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 91 оноогоор эхний гурван байрыг эзэлжээ. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Э.Дөлөө, эмэгтэй тамирчнаар Б.Энхзул, дасгалжуулагчаар Ё.Батдархан, шилдэг шүүгчээр Б.Гансүх нар тус тус тодорсон байна.
ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, ахмадын дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны нэрэмжит 2020 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан “Байдрагийн хүчтэн” чөлөөт бөхийн клубыг 10 жил нэр төртэй авч явж, олон сайхан хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн гаргаж ирсэн С.Мөнхдуулдах дасгалжуулагчийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж хоёр өрөө байрны батламж гардуулсан нь онцлох үйл явдал боллоо.
Сонирхуулахад, МУГТ Г.Нацагдорж агсан санаачилж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан, тухайн үеийн аймгийн Засаг даргын орлогч О.Тойвгоо нар дэмжин хамтран ажилласнаар одоогоос 10 жилийн өмнө хонгор нутагтаа “Байдрагийн хүчтэн” дэвжээг байгуулж байжээ. Тэгвэл өдгөө тус дэвжээгээр овоглосон олон тамирчин тив дэлхийд алдраа дуурсгасан бахдам амжилтын эзэд болцгоосон байна. Тодруулбал, “Байдрагийн хүчтэн” бөхийн дэвжээний тамирчид энэ 10 жилийн хугацаанд улс, тив дэлхийн тэмцээн уралдаанаас 134 медаль хүртсэн амжилтыг гаргаад байгаа аж.