З.Баярсайхан: Нэгдсэн арга хэмжээний хүрээнд оргодол этгээдүүдийг олж баривчилсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-06 14:54:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хэрэгжиж буй “Мал, мах” нэгдсэн арга хэмжээний талаар аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч З.Баярсайханаас тодрууллаа.


-Аймгийн хэмжээнд мал, мах нэгдсэн арга хэмжээг хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эзэн холбогдогч тогтоогүй хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд “Мал мах” нэгдсэн арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна.

Аймгийн Цагдаагийн газраас “Мал мах” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөг гаргаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа газар, цаг хугацаа, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийсэн. Үүн дээрээс хараад аймгийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч байгаа магистрал зам болон аймаг, сумдаас гадагш гарах замуудад байнгын хяналтын 6 пост, хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх 6 пост гарган хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.

-Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яаж ажиллаж байна? Иргэнээс мэдээлэл худалдан авах мөнгийг энэ онд яаж шийдвэрлэж байгаа вэ?

-Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд “Мал мах” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа талаар танилцуулсан. Мөн байнгын пост ажиллуулах, эргүүл, хяналт шалгалт зохион байгуулах, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй мал хулгайлах гэмт хэргүүдийг илрүүлэх, иргэдээс мал хулгайлах гэмт хэргийн талаар төлбөртэй мэдээлэл авах ажилд зарцуулах 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг шийдвэрлүүлээд ажиллаж байна.

-Хяналт шалгалтаар зөрчил гарав уу?

-Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн 145 тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалтыг хийж, гарал үүслийн эрхийн бичиггүй мал, мах тээвэрлэж явсан 9 зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаар 5 иргэнд 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Мөн аймгийн хэмжээнд мал, мах худалдан авдаг, зарж борлуулдаг 53 ченж, аж ахуйн нэгж 4, худалдааны төв 3, мах хадгалах хөргүүртэй 17 зоорины үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр хугацаатай үүрэг чиглэл өгсөн байгаа.

-Шалгалтаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэдийг баривчилсан гэж байсан?

-Тийм ээ. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж, олж тогтоох чиглэлээр ажлын баг байгуулан ажиллаж байна. Мэдээллийн санд эрэн сурвалжлагдаж байсан 3 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 5 этгээдийн хаяг байршлыг олж тогтоон дайчлан баривчилж, хэргийг сэргээн шалгаж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд бусдын 95 тооны бод, 63 тооны бог малыг бүлэг зохион байгуулалттайгаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан 10 холбогдогчтой 103.5 сая төгрөгийн хохиролтой 10 хэрэг, үйлдлийг нөхөн илрүүлж, яллагдагчаар татах саналтай Прокурорын газарт шилжүүлээд байна.

-Малчид, иргэдээсээ төлбөрт мэдээллийг яаж авдаг вэ?

-Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15.1 дугаар зүйлд “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авдаг. Мөн 14.1-д Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу шагнаж урамшуулах, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг Цагдаагийн байгууллага, албан тушаалтанд мэдээлж хамтран ажиллахыг уриалж байна.

-Иргэдэд анхааруулж хэлэх үг бий юу?

-Хүйтний эрч нэмэгдэж иргэдийн идэш бэлтгэх улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд мал, махан бүтээгдэхүүн тээвэрлэхдээ мал эмнэлгийн газраас цахимаар гарал үүслийн гэрчилгээг авдаг, малын арьс шир, толгойг хамт тээвэрлэж байхыг анхааруулж байна.

-Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ