Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-09 08:43:27

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц тэргүүтэй ажлын баг энэ сарын 8-нд Ховд аймагт ажиллав.

Тус ажлын багийн гишүүдийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр орон нутгийн иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд нэлээд ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн талаар танилцуулав.

Тодруулбал, Булган, Манхан, Мөнххайрхан суманд спортын ордон, цогцолбор бүтээн босгосон. Мөн Дуут, Булган, Мянгад сум болон Цаст-Алтай цогцолбор сургуулийн спорт заалыг шинээр барьж, ашиглалтад оруулаад буй.

Түүнчлэн Жаргалант сумын долоодугаар сургууль болон хөдөөгийн дөрвөн багт биеийн тамирын талбай байгуулжээ. Тэгвэл энэ онд Эрдэнэбүрэн, Дарви, Цэцэг сум болон Жаргалант сумын Бугат, Хайрхан багт спорт заалны барилгын ажлыг эхлүүлсэн аж.  Ийнхүү Ховд аймагт нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлж, бодит үр дүн гаргахад анхаарч ажиллана  гэж албаныхан мэдээллээ.

Мөн уулзалтын үеэр аймгийн Биеийн тамир спортын газрын “бага заал”-ны барилгад их засварын ажил хийх тухай хүсэлтийг уламжиллаа. Ингэснээр цаашид орон нутгийн хүүхэд багачууд, залуу үе, насанд хүрэгчид спортын олон төрлөөр хичээллэх, томоохон тэмцээн уралдаан зохион байгуулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх боломж өргөжих юм.  

Үүнээс гадна уулзалтын хүрээнд “Токио-2021” олимпод Монголын тамирчдыг бэлтгэн оролцуулахад Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран ажиллахаар болж "Ерөнхий сайдын цом"-ыг гардан авлаа гэж Ховд аймгйин ЗДТГ-аас мэдээллээ. 

 


Холбоотой мэдээ