Оюутны V их наадмын эхний тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2020-11-09 09:36:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэмжин ажиллаж байгаа Монголын оюутны спортын V их наадмын спортын 10 төрлийн эхнийх болох сагсан бөмбөгийн тэмцээн 2020 оны 11 дүгээр сарын 3-наас 6 өдөр үргэлжилж ням гарагт Спортын төв ордонд аваргуудаа тодруулав.


Энэхүү тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн баг тамирчдад медаль гардуулах ёслолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Х.Батсайхан, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.



Оюутны наадмыг зохион байгуулахад МОСХ-той гэрээ байгуулан, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа “Үндэсний их бүтээн байгуулалтын эхлэл” уриатай “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Х.Батсайхантай энэ үеэр уулзаж сэтгэгдлийг нь авсан юм.


Тэрбээр: "Оюутны наадмын анхны тэмцээн амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Энэ оны 12 дугаар сарын 23-нд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ удаагийн Монголын оюутны спортын V их наадмыг Засгийн газрын тогтоол гараад холбогдох байгууллагаас дэмжлэг үзүүлнэ үү гэсний дагуу нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай компани оюутан залуучуудын спортын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн жилээс бид олон улсын залуучуудын Ногоон наадмыг ивээн тэтгэж, дэмжигчээр ажиллаж Буян-Ухаагийн дэнж дээр оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх бүтээн байгуулалтыг эхэлсэн. Монгол Улс зохион байгуулах Олон улсын Ногоон наадам, 2023 онд Улаанбаатарт болох Зүүн Азийн залуучуудын наадам зэрэг томоохон наадмын бэлтгэл ажилд хувь нэмрээ оруулах үүднээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойн хүрээнд хамруулан энэ V их наадмыг дэмжин ажиллаж байна. Мэдээж компанийн гол зорилт бол Монгол хүүхэд залуучууд тэр дундаа манай ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх нийгмийн хариуцлага байдаг. Дэмжин ажиллахад зориулсан Сан гэж байгаа. Уг тодорхой сангаас энэ Монголын оюутны спортын V их наадмыг дэмжин ажиллаж байгаа юм. Үнэхээр оюутан залуусын спортын наадам эрч хүчтэй, эв нэгдэлтэй болж байгааг харахад баяртай байна. Монгол Улсад ирээдүйд зохион байгуулах олон улсын залуучуудын наадмаар олон улсын олимпизмыг хөгжүүлэх, залуучуудыг спортоор хичээллэхэд нь том дэмжлэг болгохоор энэ V их наадмыг эхлүүлж байна гэж ойлгож болно. Мөн манай компани өнгөрсөн амралтын өдрүүдээр “Эрдэнэс-Тавантолгой” бага олимп нэртэй компанийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсан. Манай үйл хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ирж оролцлоо. Бид байгууллагын нийт хамт олныг биеийн тамир спортоор хичээллэх бүрэн боломжоор хангаж ажилладаг. Манай наадам нийт 6 спортын төрлөөр болсон. Мөн Таван толгой ордод үйл ажиллагаа явуулж байгаа 13 аж ахуйн нэгжийг хамруулсан. Бид цаашдаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллах зорилттой ажиллаж байна" гэлээ.

       


Монголын оюутны спортын V их наадмын сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд "Чингис хаан" хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан хүрэлцэн ирж өөрийн зохиосон оюутны спортын сүлд дуугаа дуулж, оюутан залууст медалийг нь гардуулахад оролцсон юм.



Мөн энэ үеэр МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн С.Тулгатай уулзаж оюутны сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдсөн баг тамирчдын ур чадвар, бэлтгэл, тоглолтын тактикийн талаарх сэтгэгдлийг хуваалцсан юм.

 

-Монголын оюутны спортын V их наадмын сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо. Таны сэтгэгдлийг сонсъё?


-Тамирчдын ур чадвар эрс сайжирсан байна. Ямагт өмнөх үеэсээ дараагийн үе улам төгс болж ур чадвар ахидаг жамтай. Их засаг сургуулийн хувьд, улсын сургуулийн эсрэг маш сайн өрсөлдөөн үзүүллээ. МУИС-ийн тоглолтын систем, тактик нь олон улсын жишгийн дагуу маш сайн байна. Хүүхдүүдийн ур чадвар үнэхээр чадварлаг сайн байлаа. Тэмцээнд оролцсон 16 их, дээд сургуулийн тамирчид нийтээрээ, жигд ур чадваржсан нь харагдлаа. МУИС-ийнхан өглөө эрт 06.00 цагт бэлтгэлээ хийж байгааг сошиалаас харж байсан. Үнэхээр хичээж хөдөлмөрлөж бэрхшээл саадыг давсан хүн үр дүнд хүрч, амжилт гаргадаг гэдгийг тэд харуулж чадлаа. Аварга болсон МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй багт баяр хүргэе. Мөн Их Засаг, Этүгэн, Отгонтэнгэр их сургуулийн баг тамирчдад энэ том тэмцээнд медальт байрт шалгарсанд баяр хүргэе ээ.



-Анх удаа тэмцээнд оролцсон бүх багийг байр эзлүүлж шалгарууллаа. Энэ талаар та юу хэлэх бол?


-Монгол Улсын хувьд анх удаа тэмцээнд оролцсон бүх багуудыг байр эзлүүлэн олон улсын жишгээр амжилттай зохион байгууллаа. Бүгд байраа ахиулахын төлөө өрсөлдсөн гэдгээрээ гайхалтай өрсөлдөөнтэй тоглолтууд гарлаа.


-Энэхүү V наадмаас 2021 онд БНХАУ-ын Чэндү хотноо болох Универсиад наадамд оролцох багийг тодруулах уу?


-Ер нь, Монголын оюутны баг Универсиад наадамд ОХУ-ын Казань, БНСУ-д гээд 2 удаа оролцож дэлхийд болон тивдээ танигдах болсон. Энэ V наадмын дараа оюутны Лигийн тэмцээнүүд зохион байгуулна. Түүнээс харж байгаад шигшээ багийг гаргаж ирнэ. Гэхдээ тус наадмаас ирэх жилийн Чэндү хотноо болох универсиад наадмын багийн багш, дасгалжуулагч, тамирчдын бүрэлдэхүүнийг тодруулах юм.





Монгол Улсын Оюутны шигшээ багт дуудагдсан тамирчид: 


МУИС:  Шонхорууд: Ө.Пэрэнлэйжамц, Ц.Санчир, Х.Мөнхтөр Т.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ,

ИЗОУИС:  Э.Мижиддорж, Ч.Ихбаяр, Н.Мөнхчөдөр, А.Батхуяг,

ОТИС Шилүүснүүд:  Х.Цогтсайхан, Ш.Билгүүн, Ш.Гантогтох,

Мон-Алтиус БТДС:  С.Буяннэмэх, Ц.Батзаяа,

ШУТИС:  П.Мөнх-Оргил, Х.Номин-Эрдэнэ

СЭЗИС:  Б.Тулуй

ХААИС: Т.Ууганбаяр, Б.Ганбаяр

ХҮИС: Б.Бишрэлт, А.Сумьяабазар

СИТИ ИС: Т.Тэнгис





Монголын оюутны спортын V их наадмын медаль хүртсэн багууд:


Эрэгтэй:

Алтан медаль - МУИС Шонхорууд

Мөнгөн медаль - ИЗОУИС Бүргэдүүд

Хүрэл медаль - ОТИС Шилүүснүүд


Эмэгтэй:

Алтан медаль - МУИС Шонхорууд

Мөнгөн медаль - ОТИС Шилүүснүүд

Хүрэл медаль - ЭТҮГЭН Ирвэсүүд

 

Холбоотой мэдээ