Байгаль цаг уурын цочролын үед хүүхдэд туслах нь хамгийн зөв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-11-09 19:58:57

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд 23 сумын 6800 гаруй хүүхдэд мөнгөн тусламж олгожээ.  Энэ нь байгаль цаг уурын цочролын үед хүүхдэд чиглэсэн чухал хөрөнгө оруулалт болсон ажээ. 

НҮБ-ын Хүүхдийн сан, ХНХЯ хамтран “Хүүхэд төвтэй, цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгаалал төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал НҮБ-ын төрөлжсөн дөрвөн байгууллага буюу Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан анх удаа хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийг 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Завхан аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Төсөл албан ёсоор энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд дангаараа үйл ажиллагаа явуулахаасаа илүү хамтарч тодорхой үр дүнд хүрэхийг зорьж байгаа юм.

Тухайлбал, Хүүхдийн сан малчдын хүүхдүүдийг хэрхэн хамгаалах талаар, Хүн амын сан залуу малчдад бизнес эрхлэхэд нь туслах, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийг хэрхэн бий болгож орлогоо нэмэгдүүлэх, Олон улсын хөдөлмөрийн байгууллага малчид хөдөлмөрөөрөө хэрхэн хорших, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах зэргээр хамтран ажиллаж байна. Хүүхдийн сангаас гэхэд төслийн эхний шатыг  Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул суманд хэрэгжүүлж, 0-5 насны 2800 хүүхдэд мөнгөн тусламж олгосон байна. Тухайн жилийн өвөлжилтийн нөхцөл байдлаас хамаарч зорилтот сумдыг зудын зураглал дээр үндэслэн зорилтот өрх, хүүхдүүдээ сонгожээ. Сонгогдсон сумдын малчдын 0-5 насны хүүхэд бүр мөнгөн тусламжийг хүртсэн байгаа. Манай аймаг төслийн туршилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн тул хоёрдугаар шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байгаа. Ер нь байгаль цаг уурын цочролын үед хүүхэд хамгийн их эрсдэлийг үүрч байна. Тиймээс энэ үед нь зорилтот өрхийн хүүхэд багачуудад туслах нь хамгийн зөв шийдэл юм гэж  төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Мөнгөн тусламж зорилтот хүүхэд бүрд хэрэгтэй байгаасай гэв

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд олгож буй мөнгөн тусламж зорилтот хүүхэд бүрийнхээ хэрэгцээг хангаасай гэж хүсэж байгаа.

Учир нь төрөөс мал хорогдох эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг боловч хүүхдүүд, ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн хамгааллын үйл ажиллагаа хангалтгүй байгаа. Зудад нэрвэгдэхэд ядуу болон орлого багатай өрхүүдэд ихээхэн дарамт учирч, гол төлөв бэлэн мөнгөний хомсдол үүсдэг. Гэнэтийн цочролыг даван туулахын тулд хүүхдээ гэр орны ажилд туслуулах. Зардал хэмнэх зорилгоор сургуулиас гаргах, хоол хүнсээ багасгах зэрэг сөрөг стратегийг хэрэгжүүлж болзошгүй өрхүүдийн эрсдэлийг багасгах нь энэхүү төслийн гол зорилго юм. Тийм ч учраас дээрх тусламжийг хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол олгох, чанартай хоол хүнс өгөх. Эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, дулаан хувцас авч өгөхөд зарцуулах шаардлагатай юм. Төслийг Засгийн газрын хүүхдийн мөнгөний данс, хүний нөөцийг ашиглан зохион байгуулж байгаа нь цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн зардал хэмнэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Хүүхдийн сангаас л гэхэд өнгөрсөн оны 12-р сард Завхан аймгийн гамшгийн эрсдэл өндөртэй дөрвөн сумын 0-5 насны 2800 хүүхдэд тус бүр 40 мянган төгрөг, хоёрдугаар шатанд хөдөөгийн 23 сумын 7000 гаруй хүүхдэд тус бүр 60 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн юм гэж хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид нэмж дуулгалаа.  

Холбоотой мэдээ