Хөтөлбөрт хамрагдсан залуу малчдаас хоёр нь “Мянгат малчин” болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-12 12:34:29

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт өнгөрсөн жилүүдэд нийт 308 залуу малчныг "Малжуулах хөтөлбөр"-т хамруулснаас тэдний хоёр нь "Мянгат малчин", 10 гаруй нь сумын "Сайн малчин" болжээ.

Аймгийн ХХҮГ-аас "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-т хамрагдаж буй залуу малчдыг бусад аймаг, сум, хил залгаа хөрш орны мал аж ахуйн салбараас туршлага судлуулах, маллагааны арга ухаанд суралцах тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн залуу болон гэрээт малчдад эрүүл мэнд, мал эмнэлэг, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг нь дээрх хөтөлбөрийн бас нэг онцлог гэхэд болно. Энэ жилийн "Малжуулах хөтөлбөр"-т хамрагдах залуучуудад мал худалдан авах санхүүжилтийг нь олгосон, эргэн төлөлт нэлээд сайн байгаа гэж аймгийн ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл ярив.  

Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 15-36 насны залуучуудын арван хувь буюу 110 мянга орчим нь мал малладаг. Сүүлийн жилүүдэд малчин болох сонирхолтой залуучуудын тоо буурах хандлагатай байгаа нь цаашид МАА-н салбарт ажиллах хүчин хомсдох, нүүдэлчдийн өв соёл бүдгэрэх, нутаг орон эзгүйрэх, төв суурин дагасан ажилгүйдэл нэмэгдэх зэрэг сөрөг талуудыг бий болгож байгаа юм. Тиймээс төр засаг энэ тал дээр тодорхой бодлого хэрэгжүүлж байгаад залуу малчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа. 

Холбоотой мэдээ