Шинэ тахлаас урьдчилан сэргийлэхэд цөмийн технологийг ашиглах төслийг НҮБ дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-11-12 14:14:03

НҮБ. /TASS/. Зоонозын халдварт өвчнийг эрт илрүүлэх лабораторийн сүлжээ байгуулах тухай МАГАТЭ буюу Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжжээ.


“Ирээдүйд тулгарч болзошгүй цар тахлын эсрэг дэлхий нийтийг бэлтгэхэд туслахын тулд би зоонозын халдварт өвчинтэй тэмцэх ZODIAC хэмээх МАГАТЭ-гийн шинэ төслийг санал болгож байна” гэж тус агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси тайлан илтгэлдээ онцлон тэмдэглэсэн байна.


Түүний тайлбарласнаар, дээрх төслийн хүрээнд “байгалийн голомтот, зоонозын халдварт өвчнийг цөмийн технологийн тусламжтайгаар илрүүлэх, хянах чадвартай үндэсний оношилгооны лаборатиудын дэлхийн сүлжээг байгуулах аж”.


"Ийм сүлжээ байгуулснаар, МАГАТЭ -гийн гишүүн орнууд шаардлагатай тоног төхөөрөмж, технологийг олж авах, шинжээчдийн зөвлөмжийг ашиглах, харин мэргэжилтнүүд сургалтад хамрагдах боломжтой болно" гэж Гросси хэлжээ.


НҮБ-ын гишүүн 193 орон МАГАТЭ-гийн саналыг дэмжсэн тогтоолыг санал хураахгүйгээр зөвшилцсөний үндсэн дээр баталсан байна.

Холбоотой мэдээ