АНУ-ын консервативчууд сонгуулийн дараа “Facebook”, “Twitter”-ээс татгалзаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-11-12 14:39:17

НЬЮ-ЙОРК. /WSJ/. АНУ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр “Facebook”, “Twitter” -ийн мэдээллийн бодлогод сэтгэл дундуур байгаа консерватив үзэлт хэрэглэгчид нийгмийн бусад сүлжээнд шилжиж байна гэж “The Wall Street Journal” сонин мэдээллээ. Тус сонин энэ үйл явдлыг "их нүүдэл" хэмээн нэрлэжээ.


АНУ-ын сонгуулиас хойш ердөө долоо хоногийн дотор “Parler” нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн тоо 4.5 саяас 8 сая болж өссөн бол “Rumble” платформын үзэгчдийн тоо 60.5 саяар нэмэгдэж, 75 сая гаруй болсныг “The Wall Street Journal” онцолсон байна.


Өмнөд Каролинагийн Их сургуулийн профессор Шэннон Макгрегор тус сонинд өгсөн ярилцлагадаа консерватив үзэлт бүгд найрамдахчуудын үзэл бодлыг хуваалцдаг хэрэглэгчид “Facebook”, “Twitter”-ийг үүрд орхино гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. “Хэрэв тэд маргаж мэтгэлцэх хүнгүй, хариу өгөх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн материал байхгүй бол энэ байдал хэдий болтол үргэлжлэх бол?" гэж тэрбээр хэлсэн байна.


“Facebook”, “Twitter” компаниудын удирдлагууд энэ талаар тайлбар өгөөгүй байна. Гэхдээ тэд өмнө нь "материалыг нь цензурдэж байна гэх консервативчуудын мэдэгдлийг үгүйсгэжээ”.


Ташаа мэдээлэл тарааж, сонгогчдын сэтгэл санаанд шууд бус байдлаар нөлөөлөх оролдлоготой тэмцэх зорилгоор аравдугаар сарын 27-ноос эхлэн “Facebook” сүлжээнд улс төрийн сурталчилгаа байрлуулахыг хориглосон юм. Энэ хоргийг лхагва гарагт дахин нэг сараар сунгажээ. 

Холбоотой мэдээ