Аймгийн Онцгой комисс өдөр бүр 16:30 цагт мэдээлэл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-17 18:10:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссоос өдөр бүр 16:30 цагт иргэдэд мэдээлэл өгч ажиллана.

Коронавирусний халдварын улмаас 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс орон даяар хөл хорио тогтоосон. Тиймээс Ховд аймгийн Онцгой комиссын хурлаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 181-р тогтоол, онцгой байдлын үед мөрдөх дүрэм журмыг чанд баримтлах, иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан. 

Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзалт хийлээ.

Улмаар онцгой нөхцөл байдлын үед иргэд, олон нийтэд үнэн, бодит мэдээллийг шуурхай хүргэхэд анхаарах, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм. 

Үүний үр дүнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд орон нутаг дахь нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлын талаар албан ёсны, нэг эх сурвалжийн үнэн бодит, нэгдсэн мэдээллээр хангах ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Тодруулбал, энэ сарын 17-ны өдрөөс эхлэн “Онцгой комиссоос мэдээлж байна” мэдээллийн буланг өдөр бүр 16:30 цагт орон нутгийн хэвлэл мэдээллийн бүх байгууллагаар шууд дамжуулан хүргэх юм. 

Энэ үеэр Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу орон нутагт хэрэгжүүлэх ажил, аймгийн Онцгой комиссын шийдвэр, мэргэжлийн байгууллага тус бүрийн үйл ажиллагааны талаарх мэдээг албаны эх сурвалжууд танилцуулна. Мөн сэтгүүлчдийн асуултад хариулах аж.  

Холбоотой мэдээ