Олимпод оролцох Оросын эмэгтэй теннисчдийн нэрийг зарлалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Талбайн теннисний холбоо /ТТХ/ Бразилын Рио-де- Жанейро хотод болох Зуны Олимпын наадамд эмэгтэй теннисчдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөх дөрвөн тамирчнаа танилцууллаа.
Тэд бол Светлана Кузнецова, Мария Шарапова, Анастасия Павлюченкова болон Дарья Касаткина нар юм. 2016 оны Олимпын наадмын журамд олон улсад чансаанд хамгийн олон оноотой байгаа улсын баг дөрвөн эмэгтэй тамирчинтай байж болно гэсэн заалт байдаг ажээ. Францын нээлттэй тэмцээн болон Их дуулгын цуврал тэмцээнүүдэд оролцсон байдлыг нь харахад дээрх дөрвөн тамирчин Олимпын тоглолтод оролцох нь хэдийн тодорхой болоод байсан юм.
Гэсэн хэдий ч алдарт тамирчин Мария Шараповагийн хувьд Олимпод оролцох эсэх нь шийдэгдээгүй хэвээр байна. Австралийн нээлттэй тэмцээний үеэр түүнээс авсан сэргээшийн шинжилгээний дээжинд мелдониум хэмээх сэргээшний төрлийн бэлдмэл илэрчээ. Үүний улмаас гуравдугаар сарын 12-ноос хойш болох уралдаан тэмцээнүүдэд түүний оролцох эрхийг нь түр цуцлаад байсан бөгөөд Олон улсын теннисний холбооноос энэ асуудлыг одоог хүртэл шийдээгүй байгаа юм.
"Шараповагийн Рио-2016-д оролцох эсэх нь Францын нээлттэй тэмцээний үеэр шийдэгдэх болно" хэмээн ОХУ-ын Талбайн теннисний холбооны ерөнхийлөгч Шамиль Тарпишев мэдэгджээ. Тус холбоо зургадугаар сарын 6-наас өмнө түүнийг тэмцээнд оролцуулах хүсэлтээ илгээхээр зэхэж байгаа аж. Хэрэв Шараповаг Олимпын тоглолтод оролцохыг зөвшөөрөхгүй бол оронд нь өөр тоглогч оролцуулж болох эсэх нь сонирхол татаж байгаа юм.
Өөр тоглогч оролцуулахыг зөвшөөрсөн тохиолдолд Шараповагийн оронд Оросын эмэгтэй теннисчдээс тавдугаарт эрэмблэгдэж буй Екатерина Максимова Рио-г зорих ажээ.
Х.Сарнай