Хяналтын постоор нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-17 23:16:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 32 хяналтын постод Цагдаагийн болон  төрийн байгууллагын  алба хаагчид хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна.

Тус аймгийн Онцгой комиссын 41-р хуралдаанаар идэш болон түлээ бэлтгэх иргэдийг нэвтрүүлэх шийдвэр гарснаас хойш хяналтын постоор зорчих иргэд эрс нэмэгдсэн байна. Энэ сарын 16-ны 14 цагаас өнөөдрийн 14 цаг хүртэлх нэг хоногийн хугацаанд хот хоорондын постоор Улаанбаатар болон бусад аймаг руу 24 тээврийн хэрэгслээр 56 иргэн гарч, 18 тээврийн хэрэгслээр 36 иргэн нэвтэрч орж ирсэн байна. Бусад 31 постоор 370 тээврийн хэрэгсэлтэй 907 хүн орж,  349 тээврийн хэрэгслээр 759 хүн гарсан гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн мэдээллээ.

Улаанбаатар болон бусад аймаг сумаас Мөрөн суманд ирсэн 36 иргэнийг Эрүүл мэндийн байгууллага бүртгэлжүүлэн асуумж судалгааг авсан байна.

 

Холбоотой мэдээ