Я.Содбаатар: Вакцины сонголт хийх хүсэлтээ 12 дугаар сарын 1-нд хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-19 10:59:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар коронавирусний вакцины технологийн сонголт хийх хүсэлтээ КОВАКС механизм байгууллагад 12 дугаар сарын 1-ний өдөр илгээхээр ажиллаж байгаа тухай УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээллээ. 


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвараас урьчлилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайдын мэдээллийг сонсож байгаа юм. 


ДЭМБ-ын мэдээллээр өнөөдөр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлт идэвхтэй өрнөж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны гуравдугаар үе шатанд 10 вакцин байгаа юм. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их сургууль+Астра Зенека/ -1 вакцин тус тус хөгжүүлж байна.


Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм /COVAX Facility/ нь COVID-19 халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа6  Манай Засгийн газар 2020 оны долоодугаар сарын 16-нд албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгох юм. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна.


Энэ худалдан авалтыг COVAX Facility механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь худалдан авах вакцин гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байна. Мөн үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийнэ.


ЭМЯ-наас вакциныг тээвэрлэн авчирах, түгээх, үндэсний төлөвлөгөөг 2020 оны долоодугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд нэг хүнд ноогдох тун, хоногийн зай зэрэг мэдээлэл ДЭМБ-аас энэ оны 11 дүгээр сараас л тодорхой болж байгаа ямар төрлийн вакциныг худалдаж авахаа эцэслэн шийдвэрлэсэнээр уг төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулах бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байгаа аж.


Манай улс Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс болон КОВАКС механизмд эцэслэсэн вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө илгээх шаардлагатай тул уг хүсэлтийг 12 дугаар сарын 1-ний өдөр илгээхээр ажиллаж байна.



Холбоотой мэдээ