Ш.Оргил:Түлшний модыг жижиглэнгээр бэлтгэн хаягаар нь хүргэж өгөх зохицуулалтын арга хэмжээг авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-19 21:51:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил иргэдийн түлээ нүүрсний асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр:”Ойрын өдрүүдэд цас орж, хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан айл өрхүүдийн түлээ, нүүрсний асуудлыг шийдвэрлэх зорилгоор бүх сумын дарга нарт хүндрэл багатайгаар, хурдан шийдвэрлэн ажиллах үүрэг чиглэл өгөөд байна. Аймгийн төв Сүхбаатар сумын тухайд эрх бүхий зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар Түшиг сумаас бэлтгүүлэн Сүхбаатар сумын Тулга модны захаар дамжуулан Сүхбаатар сумын иргэдэд захиалгын дагуу хүргэлттэйгээр зохион байгуулна. Иймээс тус сумын иргэд өөр өөрсдийн багийн Засаг дарга нарт хэрэгцээт модны захиалгаа өгөөрэй.

11-р сарын 20-ны өдрөөс түлшний модыг жижиглэнгээр бэлтгэн хаягаар нь хүргэж өгөх зохицуулалтын арга хэмжээг аваад байна. Энэ маань хүртээмжтэй байх үүднээс шуудайлж, жижиглэж хагалуулаад тухайн баг баг дээр явуулын байдлаар тогтсон цэгүүд дээр хүргэж зарна. Үүнийг бид ААНБ-тай тохирсон. Нүүрсний тухайд Сүхбаатар сумын Сэлэнгэ барилга ХК-иар дамжуулан хүргэж ажиллана. Өмнө нь зах зээл дээр Сэлэнгэ аймагт нэг шуудай нүүрс, түлээ ямар үнэтэй байсан, тэр ханшнаас дээш гаргахүй. Яг тэр үнээр нь худалдахыг аж ахуйн нэгжүүдэд хатуу анхааруулж, сануулж, үнийн хөөрөгдөл үүсгэж болохгүй гэдгийг хэлсэн.

Ойн нөөц багатай Сайхан, Орхон сумын иргэдийн түлээг Баруунбүрэн сумаас бэлтгэж нийлүүлэх ажил эхэлсэн. Харин хүн амын нягтрал ихтэй Мандал сум, Хэрх, Түнхэл, Тарни багт иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр мод бэлтгэх зөвшөөрөл олгож байна. Бусад сум, тосгод ч гэсэн яг энэ жишгээр иргэдээ түлээ нүүрсээр хангах арга хэмжээг авна. Хэр хугацаанд яаж ажиллахаа сумдынхаа цахим хуудсаар иргэддээ мэдээлж, ажиллахыг сумын Засаг дарга нар, сум дундын ойн ангийн дарга нарт сануулж хэлсэн. Энэ ажлуудыг хэвийн тогтмол явуулна. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай. Гэрээсээ гарахгүй байж, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөхийг анхааруулж сануулж байна.      

Холбоотой мэдээ