Иргэд эрүү, иргэний хуулиар л зөвлөлгөө их авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-27 16:01:18

Монголын Өмгөөлөгчдийн холбооноос  “Иргэддээ-Тусалъя” уламжлалт өдөрлөгөө  өнөөдөр 10-17 цагийн хооронд Чингисийн талбайд хийж байна.

Асруудыг голлуулан "Иргэддээ тусалья" гэж томоор бичсэн дэлгэц байрлуулжээ. Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо гэсэн том хаягтай хоёр асрын баруун, зүүн талаар эгнүүлэн барьсан асруудад хуульч, өмгөөлөгч нар сууцгаан иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. Иргэд хууль, эрх зүйн мэдээлэл муу, хуулийн мэдлэг дутмагаас аливаа хэрэгт санаадгүй холбогдох, гэмт хэргээс зугтах, нуугдах, бусдад хууртан хохирогч болох тохиолдол их гардаг. Мөн иргэд өмгөөлөл авах нь их мөнгө шаарддаг зүйл гэж эндүү ойлгох нь их байна. Мөнгөний хэмжээгээр хэргээс мултардаг гэх ташаа яриа ч газар авчээ. Энэ бүхэнд мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид  иргэдэд тодорхой жишээгээр  тайлбар, лавлагаа өгч байгаа харагдана. Иргэд хяналтын шатны шүүхэд  гомдлоо  гарган нэхэмжлэхээ ч сайтар мэддэггүй. Нэхэмжлэлээ ч буруу, зөрүү бичих, хугацаа алдах дутагдал нэлээд гаргадаг байна. Ядруухан амьдралтай, ажилгүй иргэд төлбөрийн чадамжгүйгээс болж, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа авч чаддаггүй. Иймээс Монголын Өмгөөлөгч болон Хуульчдын холбооноос "өрхийн орлогыг тодорхойлох бүлгээс 1-7-д багтсан" иргэдэд хуулийн зөвлөгөө үнэгүй өгч, төлбөргүйгээр өмгөөлүүлэх ажил өрнүүлж байна. Он гарсаар үнэ төлбөргүй өмгөөлөгчийн үйлчилгээг  60 гаруй иргэн авчээ. Чингисийн талбайд ирсэн иргэд ихэвчлэн гэр бүл, газрын маргаан, иргэд хоорондын зээлийн асуудлаар эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авч байлаа. Иргэд бас Эрүү, Иргэний хуулиар зөвлөгөө өавч байна гэж хуульч, өмгөөлөгчид ярилаа. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ