Өдөрт 2-3 удаа гэрээ агааржуулж байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-11-20 19:55:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын туршлагаар ч  өвчлөл гарч байгаа эхний 14 хоногт хавьтлыг илрүүлж, шинжилгээ хийх тусам илрэх хүний тоо нэмэгддэг. Тийм учраас халдварын тохиолдол ихсэж байна гэж айж сандрахгүй байхыг өнөөдрийн ЭМЯ-ны 17.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр зөвлөлөө.


Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 9239 хүнийг шинжилгээнд хамруулахад, 115 тохиолдлыг илрүүлээд байна. 


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Нийт кластер хэлбэрээр бүртгэгдсэн газруудаас 120 тохиолдол бүртгэхэд тэдний хавьтлуудаас халдвартай олон хүнийг илрүүлж байгаа. Ийм учраас өвчлөл гарч байгаа эхний 14 хоногт өвчлөлийн тоо нэмэгдэх магадлал их юм. Олон улсын туршлагаар ч хавьтлыг илрүүлж, шинжилгээ хийх тусам халдвар авсан хүний тоо ихэсдэг. Тийм учраас халдварын тохиолдол нэмэгдэж байна гэж айж сандрах хэрэггүй. Зөвхөн хавьтал болсон хүмүүс шуурхай 119, 1800-0119 утсанд хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ нь цаашид манай улсад хүн амын дунд өвчлөл гарахаас урьдчилан сэргийлж буй арга хэмжээ учраас иргэн бүрийн оролцоо чухал байна" гэлээ.


Мөн тэрээр, коронавируст халдварын цааш дамжих урсгалыг таслах нэг арга нь агаар сэлгэх юм гэдгийг онцлоод "Гэртээ өдөрт 2-3 удаа агаар сэлгэлт сайн хийж, ялангуяа аяга тавгаа зориулалтын шингэнээр сайн цэвэрлэж байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл тогтмол хийх, хувааж иддэг хоолноос аль болохоор татгалзаж хүн бүр өөрийн аяга, халбага, таваг, гар нүүрийн алчууртай байх, гар нүүрийн алчуураа угааж индүүдэж хэрэглэх, 3-7 хоногт ор, дэрний цагаан хэрэглэлээ сольж байх"-ыг зөвлөв.


 


Холбоотой мэдээ