Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ нэгдүгээр сарын 30-наас өмнө гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг ирэх оны 7 дугаар сарын нэгний өдөр хүртэл хойшлуулах зөвшилцөлд хүрснийг Монголбанк цахим хуудсаараа мэдээлжээ.
Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор шаардлагатай боломжит үйл ажиллагааг олон улсын туршлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд хойшлуулахаар Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпорац, Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК, арилжааны банкууд хамтран дараах зөвшилцөлд хүрэв. Үүнд:
1. Орон сууцны ипотекийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх;
2. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ ирэх оны 1 дүгээр сарын 30-наас өмнө харилцагч банкандаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликэшн, утас зэрэг)-ээр гарган төлбөрөө хойшлуулах боломжтой;
3. Зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй бөгөөд хойшлуулсан хугацаанд хүү тооцогдохгүй.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуултад өгсөн хариултыг энд дарж танилцана уу.