Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн авто тээврийн хөдөлгөөн 90 орчим хувиар буурсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-21 16:52:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагч ажиллаж байна. Тус штабаас өчигдөр буюу энэ сарын 20-нд хэрэгжүүлсэн ажлын талаар НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр “Өнгөрсөн 24 цагт Нийслэлийн онцгой комиссын штабт иргэдээс тусгай зөвшөөрөл, эмнэлгийн тусламж, хотоос гарах, орох хөдөлгөөн, түгээлттэй холбоотой 613 санал, хүсэлт ирсэн байна. Эдгээр санал, хүсэлтийн зохих хариултыг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын 1248 дугаар захирамжийн хүрээнд аж ахуй нэгж байгууллага, эм ханган нийлүүлэх байгууллагын түгээлттэй холбоотой өргөдөл гомдол их ирсэн учраас өнөөдрөөс эхлэн 07:00-17:00 цагт хүнс, эм түгээх ажлыг шуурхай зохион байгуулах шийдвэр гаргасан.

Коронавирус илэрсэн Дархан, Орхон, Сэлэнгэ аймгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн гадаргууг тогтмол ариутгаж байна. Өнгөрсөн 24 цагт нийслэлийн авто тээврийн хөдөлгөөн 90 орчим хувиар буурсан. Нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны 19 цэгт өдөр бүр 45 тонн махыг худалдаж байна. Одоогоор, хүнсний үйлдвэрүүд хэвийн, доголдолгүй ажиллаж байгаа. Мөн ариутгалыг 20 байгууллага нийт 843 аж ахуй нэгж цэгийн 152100 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийсэн. Нийслэлийн хэмжээнд 18 шинжилгээний төв, 84 өрхийн эрүүл мэндийн төвөөр түргэвчилсэн оношлуураар нийт 3437 иргэнийг шинжилгээнд хамруулсан” гэв.


24 цагийн хугацаанд “Таван толгой” түлш ХХК 200 тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэж, борлуулалтын 610 цэгт түгээх ажлыг хэвийн зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ