Я.Содбаатар: Нийслэлд ирээд гацсан орон нутгийн 27 мянга 169 иргэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-23 16:50:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан нийтэд танилцууллаа. Мэдээллийн үеэр Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Ирэх сарын 1-нээс танхимын бүх хичээлийг зогсоож байна. Тэгэхээр Улаанбаатарт байгаа оюутнууд буцна. Мөн нийслэлд гацсан байгаа орон нутгийн иргэд бий. Энэ хүмүүсийн асуудлыг хэзээ шийдэх вэ?


-Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн судалгааг гаргаж дуусаж байна. Эдгээр иргэдийг бүртгэх аппликейшн бэлэн болгосон. Мөн иргэдийг хөдөө орон нутаг руу явуулах түр журмыг баталсан байгаа. Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн байгууллагын тархвар судлалын судалгаагаар иргэдийг өнөө, маргаашдаа гаргаж чадахгүй, маш их эрсдэлтэй гэж үзэж байгаа.

Монгол Улсад төмөр зам дагасан халдвар 5 аймагт бий. Хэрэв иргэдийг гаргавал 21 аймагт энэ өвчнийг алдах магадлалтай гэдгийг эрсдэлийн үнэлгээгээр гаргасан. Улаанбаатар хотод орон нутгаас ирээд гацсан 27 мянга 169 хүн байна гэсэн судалгаа байна. Улаанбаатарт ирэх хүсэлт гаргасан 11 мянга гаруй иргэн байна. Яг цаг нь тулахаар энэ тоо нэмэгдэх байх. Аймаг хооронд зорчих хүмүүсийн тоо ч өндөр гарч байна. Зөвхөн албан ажлаар Улаанбаатар хотод ирсэн төрийн албан хаагч 1907 байна. Удахгүй шийдвэр гарахаар бүртгэлийн аппликейшныг танилцуулна. Ингээд уг аппликейшнд бүртгүүлснээр хаана шинжилгээ өгөх, хаана очихоос эхлээд бүх зүйл тодорхой болох юм. Нийслэлээс гарахад нь аймгийн цагдаа, орон нутгийн байгууллагуудын хяналтан дор зөөнө. Үүнтэй холбоотой бүртгэл, судалгааны зэрэг ажил бэлэн болж байна. Хот хоорондын автобусаар явахад нэг автобусанд хамгийн ихдээ 12-15 хүн л явна. Энэ мэт судалгааг хийгээд, ариутгал халдваргүйжүүлж байна. Бид ч иргэдээ явуулахын төлөө байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймгийн 4247 иргэн хотод байна. Энэ иргэд очиход Өвөрхангайн 120 мянган иргэн эрсдэлд орох учраас нухацтай хандаж байгааг иргэд зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. 


-Коронавирусний ямар вакциныг хаанаас авахаар төлөвлөж байна вэ?


Я.Содбаатар: Вакцины асуудлыг лхагва гарагийн ээлжит хуралдаанаар албан ёсоор ярина. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын баг вакциныг хэрхэн авах, аль орноос авахад зардал их, бага байх зэргийг судалж байгаа. Үүний дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тодорхой шийдвэр гарна.


-Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?


З.Мэндсайхан: Хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан бид хангамжид түлхүү анхаарсан. Хүнсний нөөцийн дутагдалд оруулахгүй байх, хангамжийг тасалдуулахгүй байхад анхаарч байна. Өндөгний хувьд л дотоодын хоёр том компани өдөрт 520-550 мянган ширхэг өндөг зах зээлд нийлүүлдэг. Бэлэн байдалд шилжсэний дараа иргэд худалдан авах, нөөцлөх нь нэмэгдсэн тул тасалдсан тохиолдол бий. Гэхдээ энэ хоёр компани бүтээгдэхүүний үнээ нэмээгүй. Үнийн асуудалд ШӨХТГ хяналт тавьж байгаа. Коронавирусний улмаас гадаадын ургамлын тосны зарим үйлдвэр хаагдсан. Тиймээс гадаад зах зээлд ургамлын тосны үнэ өссөн. Энэ сарын 18-нд л гэхэд ОХУ-д нэг литр ургамлын тос 1.21 ам.доллар болж өссөн байгаа юм. Түүнээс биш бэлэн байдал зарласантай холбоотойгоор үнэ өссөн асуудал байхгүй. Өнөөдрөөс эхлээд нөөцийн махыг Улаанбаатар хотод борлуулахаа больж байна. Учир нь 494 тонн мах зах зээлд нийлүүлсэн. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эхний өдрүүдэд 80-90 тонн нөөцийн мах борлуулж байсан бол сүүлийн 2 өдөрт 20-15 тонн болж буурсан. Тиймээс иргэдийн махны нөөц боломжийн түвшинд байгаа гэж үзэж байна. Түүнчлэн орон нутгаас ирж байгаа махны судалгааг нийслэлд нэвтрэх постууд дээр тооцож гаргахад, өдөрт 55-60 тонн мах орж ирж байна. Тэгэхээр мах нийлүүлэлт хангалттай гэж үзэж байгаа.

Үйлдвэрүүд өдөрт 450-600 тонн гурил хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлж байна. Тэгэхээр үнийн өсөлтийн асуудал гараагүй.


-Нутаг буцах оюутнуудын дотуур байрных нь төлбөрийг буцааж олгох уу?


Л.Цэдэвсүрэн: Их дээд, сургуулиудын дотуур байранд 11.2 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдээс дотуур байрандаа үргэлжлүүлэн амьдрах бол амьжиргааных нь эх үүсвэрээ хаанаас хангах, аав ээж нь хүүхдээ хоол хүнсээр хангах боломж байна уу зэрэг асуумж, судалгаа авч байгаа. Учир нь, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгаснаар дотуур байрны хүүхдүүд хоол хүнсний дутагдалд орсон учраас өнгөрсөн Засгийн газрын хурлаар цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хоол хүнсний зардлаас хэмнэсэн мөнгөөр дэмжлэг олгосон. Өнгөрсөн долоо хоногт хэмнэсэн мөнгөнийхөө 70 хувийг их, дээд сургуульд шилжүүлсэн.


-44 мянга гаруй хүүхэд хүнсний дутагдалд орох эрсдэлтэй гэсэн судалгаа байна. Эдгээр хүүхдүүдэд ямар дэмжлэг олгох вэ?


Л.Цэдэвсүрэн: Эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг энэ сарын 15-18-нд хийсэн бөгөөд улсын хэмжээнд 44 мянга 282 хүүхэд байна гэсэн дүн гарсан. Үүнээс 11 мянга гаруй нь цэцэрлэгийн, ерөнхий боловсролын сургуульд 25 мянга гаруй хүүхэд бий. Өнөөдөр энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, цэцэрлэг, сургууль болон дотуур байрны хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхээр бэлтгэсэн байсан нөөцөөс эрсдэлт бүлэгт байгаа өрхөд тодорхой дэмжлэг олгох чиглэл өгсөн.


-Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалт ямар шатандаа явна вэ?


Л.Халтар: Дарханы замын хөдөлгөөнийг энэ сарын 6-нд нээсэн. Хөдөлгөөн нээх, ашиглалтад оруулах гэдэг бол хоёр өөр ойлголт. Ашиглалтад оруулна гэдэг бол бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссаны дараа улсын комисс хүлээж авахыг хэлдэг. Харин хөдөлгөөн нээнэ гэдэг бол хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоогоод, ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл нээсэн. Өнгөрсөн оны үе шиг энхэл донхол болсон замаар иргэдийг зорчуулахгүй гэдэг амлалтдаа бид хүрсэн.


Үргэлжлэлийг доорх хоёр холбоосоор үзнэ үү.

https://montsame.mn/mn/read/244287

https://montsame.mn/mn/read/244305

Холбоотой мэдээ