Их Британид вакцин хийлгэсэн иргэдэд үнэмлэх олгож магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-11-23 15:39:49

ЛОНДОН. /The Sunday Times/. Их Британийн эрх баригчид шинэ коронавирусний вакцин хийлгэсэн иргэддээ “ковидын үнэмлэх” олгох асуудлыг хэлэлцэж байна гэж тус улсын Засгийн газар дахь эх сурвалжууд “The Sunday Times” сонинд мэдээлжээ.


Ийм арга хэмжээ нь шинэ баримт бичиг эзэмшигчдэд вакцин хийлгэхээс татгалзаж байгаа хүмүүсээс илүү чөлөөтэй улс орон дотроо аялах, мөн бизнес аялал хийх боломжийг олгох аж. Холбогдох шийдвэрийг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт парламентын хурлын үеэр мэдэгдэж магадгүй байна.


Их Британийн Засгийн газрын тэргүүн мөн хууль тогтоогчдод хандан үг хэлэхдээ, 12 дугаар сарын 2-ноос Англид бүх нийтийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, бүс нутгийн хэмжээнд хязгаарлалт хийх тогтолцоонд буцаж шилжих тухай мэдэгдэх төлөвтэй байна. Гэхдээ халдварын тохиолдол их байгаа хотуудад илүү хатуу арга хэмжээ авах аж. Түүнчлэн “The Sunday Times” сонинд мэдээлж буйгаар, 12 дугаар сарын сүүлчээр Их Британийн Засгийн газар Зул сарын баярыг цөөн тооны найз нөхөд, төрөл төрөгсдийн хүрээнд тэмдэглэхийг британичуудад зөвшөөрөх гэж байгаа боловч дараа нь хатуу хязгаарлалтад дахин шилжиж, ирэх хаврын эхэн үе буюу тус улсын иргэдийг олноор нь вакцинжуулах боломжтой болох хүртэл үргэлжлүүлэх аж.


Холбоотой мэдээ