ХААН банкаар үйлчлүүлж буй иргэд халамж, тэтгэмжээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-23 16:48:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу арилжааны зарим банк өнөөдрөөс ажиллаж, зөвхөн тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд үйлчилж байна. Байдал ямар байгааг бид ХААН банкны нийслэл дэх Ард тооцооны төвөөр орж тус төвийн захирал Б.Буяндэлгэрээс тодруулав. 


-Өнөөдөр нийт хэчнээн хүн үйлчлээд байна вэ. Ачаалал хэр байв? 

-Манайх өглөө 09.00 цагт нээсэн. Өглөө онгойход 20 гаруй хүн байсан. Одоо, 14.30 цагийн байдлаар 300 орчим хүнд үйлчлээд байна. 

Ачааллын хувьд, өглөө 10.00 цагийн үед гайгүй болж байснаа сая буцаад эргээд нэмэгдлээ. Нэг харилцагч 30-40 минут, дээд тал нь нэг цаг хүлээх байдал үүсэж байна. Бэлэн гүйлгээ авах зайлшгүй шаардлагатай гээд иргэд хүлээцтэй хандаж үйлчлүүлж байна. Гадаа дугаарлах хүн нэмэгдсэн тул бид харилцагч үйлчлүүлэгч нарт боломжоороо халуун цай, халуун аарцаар үйлчилж байна. 


-Иргэд зориулалтын дагуу зөвхөн тэтгэмж авахаар ирж байна уу?

-Гол нь халамж, тэтгэмжийг дийлэнхэд нь олгож, авч байна. Хотод гацсан зарим аймаг, орон нутгийн хүн ирж хүүхдийн мөнгөө авах зэргээр үйлчлүүлж байна. Цахим үйлчилгээг хараахан авч амжаагүй иргэд үүнийгээ холбуулж байна. Мөн мобайль банкны цахим үйлчилгээний эрх нь хаагдсан, гацсан иргэд нээлгэж сэргээж байна. Ихэвчлэн өндөр настнууд тэтгэмжээ авах гэж ирэхдээ хүүхдүүдээ дагуулж байна. Таягтай, хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад туслаад хамт явж буй хүмүүс ч бас байна. Ирж үйлчлүүлж буй иргэдээс бид бас асуумж лавлагааг бөглүүлэн авч байна. 


-Танай салбар хэчнээн хүнтэй ажиллаж байна? Ажлын байр, иргэдийг яаж халдваргүйжүүлж байна? 

-Иргэдийг бүртгэж, орж ирэхэд нь үүднээс гарыг нь ариутгаж байна. Ажилтнуудаа бид хамгаалалтын хэрэгсэл, бээлий, тусгай хувцсаар бүрэн хангасан. Бид АТМ-аас гадна ажилтнуудын ширээ, сандал, ажлын байрыг 15-20 минут ариутгаж халдваргүйжүүлж, 2 цаг тутамд цонхоо онгойлгож агаар оруулж, УОК-ын халдваргүйжүүлэлтийн дэглэмийг нарийн сахин ажиллаж байна. 

Манайх үйлчлэгч, харуул хамгаалалтын тус бүр 3 ажилтан, гүйлгээ хийж буй 6 хүн, тусалж буй 4, намайг оролцуулаад нийт 16 ажилтантайгаар үйлчилж байна. 


-Өнөөдрийн ийм байдлаар хэдий хүртэл ажиллах вэ? 

-Өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 23-наас 12 дүгээр сарын 1 хүртэл ийм байдлаар ажиллана гэсэн чиглэлийг ХААН банкны төвөөс өгөөд байна. 


-Сая зарим иргэнтэй уулзаж асуухад үйлчилгээг хүртээмжтэй, дугаарлахгүйгээр үйлчлүүлэхийн тулд олон салбар ажиллах хэрэгтэй байна гэсэн санал хэлж байна. Гэхдээ энэ хөл хорионы үед дэглэмээ сахихаас өөр арга байхгүй байх л даа? 

-Манай ХААН банкны хувьд өнөөдрөөс дүүрэг бүрт 1-2 салбар ажиллаж байгаа. Хотын төвд бол манайх л ажиллаж байна.


 


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ