ГССҮТ-өөр үйлчлүүлэгчдийн дунд 18 хүртэлх насныхан 10-15 хувь нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-23 18:47:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед ГССҮТ-өөр үйлчлүүлэгчдийн тоо 2-3 дахин буурчээ. Харин өмнө нь нийт үйлчлүүлэгчдийн 30-35 орчим хувийг 18 хүртэлх насныхан эзэлдэг байсан бол хөл хорио эхэлсний дараа энэ үзүүлэлт 40-50 орчим хувь болж өссөн байна.

Тус төвийн Статистик мэдээлэл, тандалт судалгааны албаны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Баянзулаас дараах мэдээллийг тодрууллаа.


-Гэмтлийн эмнэлэг 24 цагаар яаралтай тусламж үзүүлдэг, бусад эмнэлэгтэй харьцуулбал ачаалал ихтэй. Харин хөл хорионы энэ үеэр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?

-Хөл хорио эхэлсэн энэ сарын 11-нээс өмнө ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар өдөрт 350-400 хүн, амбулаторийн тасгаар өдөртөө 280-300 орчим үйлчлүүлдэг байсан. Харин хөл хорио эхэлснээс хойш 2-3 дахин буурсан үзүүлэлттэй байгаа. Одоогоор өдөрт  130-140 хүн үйлчлүүлж байна.


-Ямар осол гэмтэлтэй хүмүүс зонхилон хандаж байгаа вэ?

-Осол гэмтлийн шалтгааныг унаж ойчсоноос үүдсэн гэмтэл тэргүүлдэг. Тухайлбал, цас мөсөн дээр хальтирч унах, шат, барилга байгууламжаас унах гэхчлэн дурдаж болно. Мөн амьгүй механик хүчинд өртөх буюу аливаа зүйлийн завсар хавчуулагдах, хаалганд хуруу хумсаа хавчуулж гэмтээх, хөдөлмөрийн багаж хэрэгсэлд өртөх, мод гэхчлэн амьгүй биетэд өртөж гэмтэх тохиолдол гардаг.

Зам тээврийн ослын улмаас гэмтсэн 30 гаруй тохиолдол өдөрт дунджаар бүртгэгддэг байсан бол хөл хорио эхэлснээс хойш илт цөөрч өдөрт 1-5 тохиолдол болоод байна. Мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан тухайн улирлаас шалтгаалдаг осол гэмтэл бий. Үүнд, хөлдөж осгосон тохиолдол өдөрт 1-2 удаа гарч байна. Хөл хорионоос өмнөх үед гэр бүлийн болон хүн хоорондын хүчирхийллийн тохиолдол тэргүүлэх шалтгаанд ордог байсан бол одоо бага зэрэг буурах хандлагатай байна.


-Насны хувьд хэд орчим насныхан осол гэмтэлд өртөмтгий байна вэ?

-Нийт үйлчлүүлэгчдийн 30-35 орчим хувийг 18 хүртэлх насныхан эзэлдэг байсан бол хөл хорио эхэлсний дараа энэхүү үзүүлэлт 40-50 орчим хувь болон өссөн. Үүнээс гадна хүүхдийн осол гэмтэл өсөх хандлагатай байна. Үүний шалтгааныг цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд хөл хорионы улмаас гэртээ байгаатай холбож болох юм.

Тав хүртэлх насны хүүхдүүд эцэг эхийн анхаарал халамжид байх ёстой буюу өөрийгөө бие даан хамгаалах чадваргүй байдаг. Хүүхдүүд гэртээ байх үедээ түлэгдэх, хайхрамжгүй орхисноос тавилга, тавцан дээрээс унах тохиолдол гардаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдддээ тавих анхаарал, халамжаа сулруулж болохгүй гэдгийг сануулж байна.

 

Холбоотой мэдээ