Л.Цэдэвсүрэн: Зайны сургалт үргэлжилснээр сургалтын төлбөрт өөрчлөлт орохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-23 19:08:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, бүх шатны сургалтын байгууллагын танхимын сургалтыг ирэх сарын 1-нээс амрах хүртэл нь цахим болон теле хэлбэрээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.  БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн Засгийн газрын шийдвэр танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


-Цахим болон теле хичээлийг үргэлжлүүлснээр цаашид сурагчдын хоцрогдлыг хэрхэн арилгах вэ?


-Цэцэрлэг, ЕБС-ийг хоёрдугаар сарын 17-ноос цахим болон теле хэлбэрт шилжүүлж хичээлийн жилийг дуусгасан. Энэ хүрээнд хүүхдүүдэд ямар хоцрогдол үүссэнийг судалж есдүгээр сараас нэг сарын хугацаанд бататгах хичээл явуулсан. Одоо ч теле болон цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан энэ судалгааг тогтмол хийж байна. Хичээл амарч байх хугацаанд энэ судалгааныхаа дүнд үндэслэж бататгах болон нөхөх хичээлийн хувилбарыг боловсруулна. 


-Дотуур байранд байгаа оюутнуудад хүнс, ариутгалын бодис олгох ажилд хэдэн төгрөг зарцуулж байна вэ?


-Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор оюутны байранд байгаа оюутнуудын хоол, хүнс, ариутгал халдваргүйтгэлийн зардлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг БШУЯ-нд даалгасан. Үүний дагуу, БШУ-ны сайдын тушаалаар 700 гаруй сая төгрөг зарцуулж байна. Бид хоол хүнс өгөхөөс илүүтэй оюутныг маск, ариутгалын бодисоор хангах, дотуур байрыг ариутгаж халдваргүйтгэх зардлыг шийдэж байгаа.


-Танхимын бус сургалтыг үргэлжлүүлснээр их, дээд сургуулийн сургалтын төлбөрт ямар нэгэн өөрчлөлт гарах уу?


-Энэ хугацаанд их, дээд сургуулийн оюутны төлбөрт өөрчлөлт гарахгүй. Сургалтын төлбөрийг тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоодог. Хувийн сургуулиудын төлбөрийг ч тухайн сургуулийн удирдлага, эцэг эхийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулдаг. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа танхимын бус хэлбэрт шилжсэнээс өөр өөрчлөлт гараагүй.  БШУЯ-наас сургалтын төлбөрийг буцаах үүрэг өгөх эрх зүйн зохицуулалт байдаггүй. Гэрээнд хэрхэн тусгаснаас хамаарч шийдвэрлэнэ. 


-Боловсролын зээлийн сангаас оюутнуудад олгох сургалтын зээлийн санхүүжилт хэвээр үргэлжлэх үү?


-Боловсролын зээлийн сангаас Монгол Улсад дотоодод суралцаж байгаа оюутнуудад сургалтын зээл өгнө. Сангийн сайдтай хамтарсан тушаалын төсөл бэлэн болоод баталгаажих хугацаа дөхөж байна. Бид 2021 оны хичээлийн жилд долоон тэрбум төгрөгийн санхүүг дотоодын оюутны зээлд хамруулахаар шийдвэрлэсэн. Засгийн газрын баталсан журмын хүрээнд ямар шаардлагаар оюутанд олгохыг тусгасан. 


-Дотуур байранд байгаа оюутнуудыг шинжилгээнд хэрхэн хамруулж байна вэ?


Дотуур байранд байгаа оюутнуудыг шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн. ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. Учир нь, нэг дор 10 мянга гаруй оюутныг шинжилгээнд хамруулах боломжгүй. Ерөнхийдөө 12 дугаар сарын 1 хүртэл оюутнуудыг шинжилгээнд хамруулна. Мөн оюутнуудаас дахин асуумж судалгаа авч байна.

Холбоотой мэдээ