Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг цахимаар зохион байгуулав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-24 13:34:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 

Өөрөөр хэлбэл, хүн хоорондын зай барих дэглэмийн дагуу хуралдаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас цахимаар 25, танхимд 15 төлөөлөгч оролцож, ирц 95.16 хувьтай өрнөж буй. 

Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлсэн. Улмаар хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдаанд үйлчлэх ажлын албыг танилцуулж, төлөөлөгчдийн саналыг тусган батлууллаа.

Мөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу “Цахим хуралдааны дэг батлах тухай” асуудлыг хэлэлцсэн юм.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 23.14 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хууль, Ховд аймгийн ИТХ-ын Хуралдааны дэгт тусгагдсаны дагуу байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гал түймэр, халдварт өвчин дэгдэх зэрэг нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хуралдааныг “Цахим”-аар зохион байгуулахаар шийдэж, дэгийг боловсруулсан аж. 

Улмаар төлөөлөгчдийн саналыг тусгах замаар 5 бүлэг 23 заалттай дэгийг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар баталлаа.

Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааны үйл ажиллагаа үргэлжилж байна. Хуралдааны хүрээнд “Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”, “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах”, “Аймгийн 2020 оны төсөв батлах 10/06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” зэрэг асуудлыг тус тус  хэлэлцэж шийдвэрлэх юм. 

 

Холбоотой мэдээ