П.Алтанчимэг: Хөл хорионы энэ үед бидэнд гэртээ хийх зүйл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-24 15:29:41

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн Түүх нийгмийн багш Пүрэвийн Алтанчимэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр бүх нийтээр хөл хориотой байгаа энэ цаг үед чөлөөт цагаа ашиглаад хэрэглэхээ больсон хувцас, эд юмсынхаа загварыг өөрчилж шинэчлэн дахин ашиглаж болохуйц хэрэгцээт зүйлсийг урлан бүтээсээр байна.


-Коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон энэ үед таныг гэртээ маш завгүй ажиллаж байна гэж сонслоо?

-Хөл хорио тогтоосноос хойших 10 гаруй хоногийн хугацаанд өглөө 9 цагаас орой 21 цаг хүртэл гэртээ цаг завгүй л ажиллаж байна. Ялангуяа хэрэглэхгүй болсон хувцас хунараа эвдэж загварыг нь өөрчлөөд дахин ашиглаж болохуйц болгож байна. Тухайлбал, зүүхээ больчихсон ноолууран ороолтуудынхаа загварыг шинэчлээд дахиж зүүхээр болгочихлоо. Мөн нөхрийнхөө хуучин булган малгайг задлаад ач охиндоо булган цүнх оёсон. Элэгдэж муудсан жинсэн өмдийг задлаад тор оёлоо. Булга, ноолуурнаас илүү гарсан өөдсүүдийг хүртэл хаяхгүйгээр хэлбэр дүрс гаргаж хайчлаад хавчаар, үсний боолт хийчихсэн. Корона эхлэх үеэр өнгөрсөн хавар цөөнгүй амны хаалт оёж зарсан. Одоо бол байгаа материалаа ашиглаад 70 гаруй амны хаалт оёод байна.

-Өөр ямар шинэлэг зүйл хийж байгаа вэ?

-Усан шилээр төрөл бүрийн бөгж, ээмэг, үсний хавчаар, боолт, шатар, шагай зэргийг хийж байна. Ийм тусгай бэлдмэл ирдэг бөгөөд төрөл бүрийн хэв, өнгө оруулагч нь хүртэл байдаг юм. Хэвэндээ усан шилээ хийгээд, өнгийг нь жорын дагуу тааруулаад 24 цаг хөдөлгөхгүй царцаачихаар тухайн зүйл маань өнгө, хэлбэртэйгээ яг таг гараад ирдэг юм.

-Усан шилээр урласан зүйлсээ худалдах уу?

-Сонирхсон хүн байвал борлуулна. Одоогоор нэг шатар бэлэн болчихсон, түүнийгээ 35 мянган төгрөгөөр худалдах санаа байна. Усан шилээр урласан бүтээлийг минь худалдаж авах, бас хийж сурахыг сонирхсон хүн байвал харамгүй тусална.

-Та технологийн багш биш мөртлөө гарын доорх материал ашиглаад янз бүрийн зүйл их хийдэг бололтой. Гэрт тань урлагийн бүтээл мэт цор ганц, дахин давтагдашгүй зүйлс их олон байна шүү?  

-Би монгол хэл, уран зохиолын багшаар их олон жил ажилласан. Мөн орос хэл, технологийн хичээл бас заадаг байлаа. Одоо бол түүх нийгэм зааж байна. Гэрээ өөрийнхөө урласан бүтээлээр чимэглэх дуртай. Аль болох гарын доорх материал ашиглаад хэрэгцээт зүйлсээ хийхийг хичээдэг. Шавь нараа ч гэсэн бүтээлч сэтгэхүйтэй болгохыг хүсч явдаг.  

Хаягдал сонин ашиглаад сагс, таваг, хайрцаг сүлждэг. Мөн олс ашиглаад кофены аяганы суурь, сандлын бүрээс хийнэ. Хаягдал дугуйны обуд ашиглаад сандал, ширээ хүртэл хийж байлаа. Мөн миний урласан оёмол, ширмэл зүйлс манай гэрт их бий.

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Коронавирусний халдвар тархах эрсдэлээс сэргийлж, хүн бүр гэртээ байгаа энэ цаг үед ард иргэд маань гар утас, зурагт, интернэтээс аль болох хол байж, цагийг бүтээлчээр өнгөрүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа үр хүүхдүүдтэйгээ хамтраад гарын доорх материал ашиглан гэртээ янз бүрийн зүйлс урлаасай гэж хүсч байна. Ер нь бол хөл хорионы энэ үед бидэнд гэртээ хийх зүйл их байгаа. Хуучирсан хувцас, эд зүйлсээ хэрэггүй гээд хог руу хаяхын оронд загварыг нь өөрчилж засаад өмсөж болно шүү дээ. Хүмүүс бид байгальд аль болох хог тарихгүйгээр амьдардаг болмоор байна. Манайхаас бараг хог гардаггүй. Одоогоор үнс л гарч байна. Болдог бол үнсээ ч бас ашигламаар л байна. 

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ