Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-26 11:56:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” 16 хоногийн аян өнөөдөр орон даяар эхэлсэн.

Баян-Өлгий аймагт уг аяныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

“1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 11 дүгээр сарын 25-ны өдрийг "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр" болгон зарласан байдаг. Харин охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян анх 1991 онд 23 оролцогч улстай эхэлж байсан бол өдгөө 187 орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний аян болж өргөжив.

Монгол Улсад анх 1997 оноос зохион байгуулж байгаа. Бид аяны хүрээнд цахим подкаст, видeо контeнт бэлтгэж нийтэд түгээх, гарын авлага тараах, олон нийтийн газарт ухуулах хуудас, сурталчилгааны самбар байгуулах, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгуулна» гэж аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад К.Ёлка хэллээ.

Мөн өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан аяны нээлтийг хийж, эрүүл амьдралын зан үйлд суралцах, хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй арга ухааныг төлөвшүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахыг ард иргэд, албан байгууллагуудад уриаллаа. 

Холбоотой мэдээ