Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Язгууртны дээл

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-11-26 10:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XIII-XIV зууны үед холбогдох “Язгууртны дээл”-ийг Монголын Үндэсний музейн судлаачид 2003 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Бухын хошуу хэмээх газарт буй Монголын эзэнт гүрний үеийн булшнаас олжээ.


Материал: Торго, панз, хоргой, даавуу, алтан утас Хэмжээ: 128x110см.

Эндээс гурван дээл гарсны нэг нь уран тансаг хийц, загвартай агаад алтан утас бүхий үнэт торгоор хийжээ. Язгууртны дээл нь Монголын Үндэсний музейн IV танхимын үзэсгэлэнд үзэгч олны оюуныг мялаан байдаг.


Уг дээл нь ташуу захтай, урт нарийн ханцуйтай бэлхүүсээрээ нягт нэгэн жигд хуниастай, дэргэвэр хормойтой. Нимгэн торгон гадартай. Дээлний анхны өнгө нэлээд хувирч өөрчлөгдсөн бөгөөд одоо бор өнгөтэй. Дээлийн энгэр, мөр ар дал нуруу нөмрүүлэн үргэлжилсэн эвэр угалз хээг хоргой торгоор хайчлан захаар нь алтан утсаар зээгийг даруулан оёжээ. Алтан утастай торгоор эвэр угалзан хээг нэгэн жигд хэмжээтэй олныг эсгэн бэлтгэж, дээлийн энгэр, сум, ханцуйны үзүүр, бугалга, хормой дагуулан эмжээрлэжээ. Хээний хоёр талаар бор даавуун дэвсгэртэй хошоо урлажээ. Дээлийн бэлхүүс орчмоор 20 см өргөнтэй буруу зөв эрчилсэн алтан утсан зээгийг зэрэгцээлэн дарж оёсон нь дээлийг машид уран нямбай хийснийг гэрчилнэ. Дотоод энгэр нь зүүн гар талдаа лав дарсан, баруун талдаа гурван торгон бүчтэй. Зүүн талдаа хормойноос бүсэлхий хүртэл оноотой.


Уг дурсгалыг 2013 онд Монгол Улсын Засгийн Газрын 227 дугаар тогтоолоор "Хосгүй үнэт" дурсгалт зүйлээр баталж гэрчилгээ олгожээ.

Холбоотой мэдээ