Ш.Оргил: Сүхбаатар сумын иргэдийн 80 шахам хувийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-26 20:40:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил энэ өдрийн мэдээллийнхээ эхэнд Монгол Улс дэлхий дахинд тусгаар тогтносон бүрэн эрхээ тунхаглан зарласны 96 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ.

“Аймгийн Онцгой комиссын зүгээс коронавирусний халдварын тохиолдол илэрсэн Сүхбаатар, Мандал, Алтанбулаг суманд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ч бусад суманд илрээгүй гээд тайвширч болохгүй. Иргэдээс түүврийн аргаар шинжилгээ авах, түлээ, нүүрсний асуудлыг шуурхай зохицуулах гээд холбогдох бүх арга хэмжээг хурдан шуурхай авч, сумдын Онцгой комиссын багт үүрэг чиглэл өгөн ажиллаж байна.

Хамгийн олон тохиолдол илрээд байгаа Сүхбаатар сумын бүх багт гэрийнх нь гадаа очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр иргэдийн 80 шахам хувийг түргэвчилсэн оношлуурт хамруулж чадлаа. Аймгийн Онцгой комиссын гол зорилго бол нэгэнт тархсан вирусийг аль болох хурдан шуурхай илрүүлж, дараагийн арга хэмжээнүүдийг яаралтай авахад чиглэгдэж байгаа.

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээгээр Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол ойрын хавьтлаас шинээр илэрч нийт 148 тохиолдол болсныг мэдээлсэн. Энэ дөрвөн тохиолдол Сүхбаатар сумаас, тэр дундаа өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас гарсан. Энэ маань Сүхбаатар сумын иргэн бүрийг шинжилгээнд хамруулж байгаагийн үр дүн гэж та бүхэн ойлгоорой. Бид ойрын 1058, дам 638, нийт 1696 хавьтлыг тогтоосон. Тандалт судалгааны ажлыг үргэлжлэн явуулж байгаа” хэмээн мэдээллээ. 

Холбоотой мэдээ