Д.Нарангэрэл: Манай улсад коронавирусний тархалтын эрч маш өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-29 11:55:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд коронавирусний халдварын тархалтын индекс дээд тал нь 6 байхад манай улсынх 6-23, зарим тохиолдолд 30-66 байгааг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлстийн дарга Д.Нарангэрэл тодотгов. 


Тэрбээр, "Манай улсад тархалтын эрч маш өндөр, ихэвчлэн голомтын хавьтлуудыг өвчлүүлэх магадлал их байна. Энэ нь манай иргэд гэртээ зочин урьдаг, айлд зочилдог, өндөр настай хүмүүстээ очдог зэрэг зан үйлтэй холбоотой байна. Тиймээс эрсдэлт бүлэгт орж байгаа өндөр настай хүмүүстэй алсын зайнаас харьцах, гэртээ хүн урихгүй байх, шаардлагатай тохиолдолд гар утас болон цахимаар холбогдох шаардлагатай байна" хэмээв. 


Улсын хэмжээнд нийт 8 голомт үүссэнээс ойрын хавьтлын 4100 гаруй хүнийг илрүүлжээ. Тандан судалгаагаар нэг хүн 60-149 хүнтэй ойрын хавьтал болж байгаа аж. Ихэнх нь өвдөх магадлалтай байгаа ч амны хаалт зүүгээд 15-аас дээш минут харьцсан хүн өвдөөгүй тохиолдол олон байгаа юм. Тиймээс амны хаалтаа зүүх нь халдвараас сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллийн үеэр тэмдэглэв.

Холбоотой мэдээ