Орон нутаг буцах иргэдийн эхний автобус Дорнодын чиглэлд хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-01 10:16:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр нийслэлээс аймаг, орон нутаг буцах иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн зорчигч тээврийн төв "Тэнгэр" худалдааны төвөөс өнөөдөр хамгийн эхний автобус Дорнод аймгийн чиглэлд өглөө 08.00 цагт гарав. Тус аймгийн чиглэлд нийт 6 автобус, нийт 200 орчим, нэг автобусанд 40 орчим зорчигчийг тээвэрлэж байна. Нэг зорчигчид 20 кг ачаатай явахыг зөвшөөрч байна. Хот хооронд зорчин орон нутаг руу буцаж буй иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахиж, замын хүнсээ базааж, хөдлөх цагаасаа 30 минутын өмнө автобуудалд ирсэн байх ёстойг АТҮТ-өөс сануулж байна. Мөн шинжилгээний хариу, тасалбар, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явахыг анхааруулж байна.


Өнөөдрөөс нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх "Тэнгэр" худалдааны төв, Хан-Уул дүүрэг дэх "Лавай" болон Сонгинохайрхан дүүрэг дэх "Драгон" гэсэн зорчигч тээврийн 3 төвөөс 14 аймгийн чиглэлд тээврийг эхлүүлж байна. 

Аймаг, орон нутаг буцах хүсэлтээ 80 мянга гаруй иргэн гаргаж бүртгүүлснээр 20 гаруй хувь нь хувийн унаагаар явах бол үлдэх 80 хувь нь нийтийн зорчигч тээврийн автобусаар явах хүсэлтээ гаргаад байна. 

"Тэнгэр" худалдааны төвөөс Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говь-Алтай, Хөвсгөл, Булган аймгийн чиглэлд тээврийн хэрэгсэл явах юм. 





Холбоотой мэдээ