Бизнес эрхлэгчдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-01 17:59:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн мөрдүүлэх шийдвэрийг гаргасан.

Үүнд аймгийн зарим бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бухимдалтай хандаж, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм. Тиймээс аймгийн Засаг дарга А.Ишдорж бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийж, коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, өнөөдрийн нөхцөл байдал, зарим судалгаа, үнэлгээний дүн, бусад аймгаас гаргасан шийдвэрийн харьцуулалтыг танилцууллаа. Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл өгөв.

Уулзалтад төв захын худалдааны төвүүдийн захирлууд оролцсон бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс тодорхой үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, худалдааны төвдөө ариутгал халдваргүйтгэлийг хийж гар ариутгагч, халуун хэмжих төхөөрөмжийг байрлуулах, дор хаяж 1 сарын бичлэг багтахуйц камер суурилуулах, түрээслэгчдийнхээ ар гэрт хяналт тавих, зохион байгуулалтад оруулж дэглэмийг мөрдүүлэх шаардлагыг тавив. Мөн уулзалтад оролцогчдын асуултад хариуллаа.

Аймгийн Онцгой комисс энэ сарын 3-ыг хүртэл нөхцөл байдлыг үнэлээд дахин хуралдах аж. 

Холбоотой мэдээ