“Facebook”-н криптовалютын нэрийг өөрчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-02 11:02:39

ЛОНДОН. /Reuters/.Facebook” компанийн байгуулсан “Libra Association” холбоо нэрээ “Diem Association” болгож өөрчлөхөөр шийджээ. Үүнтэй холбоотойгоор “Libra” хэмээх криптовалют “Diem” болж өөрчлөгдсөн хэмээн тус холбооны гүйцэтгэх захирал Стюарт Леви мэдэгдсэн байна.


“Төслийн анхны хувилбартай холбогдуулан өгсөн нэрийг сайшаалтай хүлээж аваагүй. Бид төсөлдөө эрс өөрчлөлт оруулж, платформын шинэчилсэн, хялбаршуулсан бүтцийг тодотгох зорилгоор нэрийг нь өөрчилсөн хэмээн” Леви ярьжээ. Тийнхүү компани зохих байгууллагуудаас зөвшөөрөл авахын тулд зүтгэл гарган ажиллаж байна.


Шинэ криптовалютыг хэзээнээс гаргаж эхлэх талаар “Diem Association” холбооны тэргүүн мэдэгдээгүй аж. Ирэх оны нэгдүгээр сараас гаргаж магадгүй гэж “Financial Times” 11 дүгээр сарын 27-нд мэдээлжээ.


Өөрсдийн криптовалютаа гаргахаар төлөвлөж буйгаа “Facebook” өнгөрсөн оны 7 дугаар сард мэдэгдсэн юм. АНУ-ын эрх баригчид тус валютын найдвартай байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол Долоогийн бүлгийн орнуудын Сангийн сайд нар “Libra” валютыг олон улсын валютын системд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ